2013-02-11

Нэг нас

Могой жил гарахтай зэрэгцээд хорьж болдоггүй хорин хэдэн нас шувтрах араандаа орлоо. Гуч гараал шааригдаад явчдаг гээд байгаа. Одоо ч дөхлөө.

Нэг жил гэдэг богино хугацаа юм. Яах ийхийн зуургүй нисээд өнгөрчээ. Их олон юм бодож, амжуулах гэж адгаж яарсан жил байв уу даа гэж одоогийн өндөрлөгөөс харахад бодогдох шиг. Юм бүхэн өөрийн цагтай гэдэг. Цаг нь ирэхээр бүтэх бизээ.

Хэзээ ч үл мартагдах, үнэнч дотно найз нөхрийн тухай бас бодуулсан жил байлаа. Хүний амьдралд санаанд ч оромгүй сайн, саар учрал тохиол таарахыг аль гэхэв. Амьдарлын олон нугачаанд төөрч будилж явахад ч, задарч цалгиж явахад ч нэг янзаараа байж, үргэлж сайныг хүсч зөвлөж, чадлынхаа хэрээр тус дэм болж байдаг дотно найз,"андтай" байх сайхан. Тийм сайхан найзтай байдаг миний аз юм даа. Өөрөө ч хүнд нэг тийм л найз нь байхсан гэсэн бодлоо тээсээр, нэг л зангаараа насыг барахсан гэж бодож л явна.

Өнгөрсөн нэг жил ерөнхийд нь хэлэхэд сайхан жил, амьдарлын маань бас нэгэн жаргалтай сайхан нас өнгөрчээ. Жаргал гэдэг угаас үнэлэмжийн асуудал юм гэдэг. Тохиолдсон олон учралаас жаргалыг олж харах, мэдрэх гэдэг үнэлэмжээс л хамаарна гэдэг зөв ч юм даа.

Одоо улам их хариуцлага хүлээх, илүү далайцтай ажиллах цаг ирж байгаа юм шиг санагдана. Дагаад улам гүнзгий бодохыг, ихийг судлахыг, "сэтгэлээ ажиглах"-ыг шаардаж байх шиг.

Ирээдүйгээ урьдчилан харах боломж бидэнд үгүй. Харин ирээдүйгээ урьдчилан засах боломж бид бүгдэд бий гэдэг. Аз завшаан бүхий хүн заяаг олж төрсөн энэ хэдхэн насаа утга учиртай л өнгөрөөх юм шүү.