2012-08-31

Есдүгээр сарын нэгэн

Хүний ертөнцийг үзэх үзэл төлөвшихөд хүчтэй нөлөөлсөн хүн, үйл явдал, мартагдах аргагүй агшин хором гэж байдаг. Амьдралд олон хүн тааралдаж, олон олон үйл явдал тохиолдох авч цаашдын амьдрал, хувь тавиланд нь дээр хэлээд байгаа шиг хүчтэй нөлөөлсөн нь цөөн хэд л байдаг бизээ.

Сүртэй ярьвал эрдэм номын замд хөл тавих, бүр багаар бодоход бичиг үсэгт тайлагдаж 4 аргын тоо сурч эхэлнэ гэдэг орчин үеийн хүний хувьд чухал үйл явдал мөнөөсөө мөн болов уу. 

20-иод жилийн өмнө аавынхаа гараас хөтлөөд сургуульд бүртгүүлнэ гээд хөөрч явсанаа, бэлтгэл ангид ороод муруй тахир зураас дэвтэр дүүрэн сараачдаг байснаа, 9-р сарын 1-нд сургуулийнхаа нээлт дээр "Барилгачин Баяраа" уншаад инээж зогссоноо одоо би санаж байна. 

Үеийнхэнээсээ нэг жилийн өмнө тэгж сургуульд ороогүй бол миний эзэмшсэн мэргэжил, найз нөхөд, танилын хүрээ гээд бүх л зүйл шал өөрөөр явж ерөөсөө л одоогийн байгаа БИ нэг л өөр хүн байх байсан ч юм шиг.

Анх А үсэг заасан багш маань дөнгөж сургуулиа төгсөөд анхныхаа хичээлийг зааж байсан болов уу, их л залуухан, сайхан эмэгтэй байсансан. Ганцхан улирал сураад шилжээд явсан болохоор 1Д ангийн хүүхдүүдтэй, ангийнхаа багштай хамт авахуулсан нэг ч зураг үлдсэнгүй, нэрсийг нь ч одоо санадаггүй юм. Харин ангийн цонхон доор нэг ах ирээд багшийг маань дууддаг, давжаа алим өгдөг байсныг, тэр алимнуудыг нь асуултанд зөв хариулсан хүүхдэд шагнал болгоод өгчихдөг байсныг тод санаж байна. Одоо бодоход багшийг маань эргүүлдэг л залуу байж дээ. Ганцхан улирал сураад шилжих болоход багш маань их л дурамжхан явуулж билээ. Шилжиж очсон сургуулийн маань багш 50 орчим настай, 16-тайгаасаа багшилсан сайхан хүн байсан. Шавь нараа гэсэн сэтгэлтэй, хүүхдүүддээ их анхаардаг, хичээлээ нэг л тасалчихаар араас гэрт гүйгээд ирдэг сүрхий хүн байж билээ. Их ч зүйл сургасан даа. 

Сайн багштай, тэр хэрээрээ хичээл маань сонирхолтой байсных юм болов уу бага байхад есдүгээр сарын нэгнийг догдолж яарч хүлээдэгсэн. 

Сүүлийн хэдэн жил тэгж хүлээсэнгүй. Харин энэ жил бол онцгой байлаа. Хориод жилийн өмнө юугаа ч мэдэхгүй би ааваасаа хөтлөөд сургуулийн хаалгаар орж байсан бол одоо охин минь сургуульд орох цаг болжээ. Хавар сургууль тарахаас эхлэн судалж, хувь хувьсгалыг харьцуулж хэсэг юм боллоо. Элдэв шалдав гадаад хэл, хүүхэд ядраасан олон янзын хөтөлбөр гэлгүй ердийн л Монгол сургуульд, насанд нь тохирсон хөтөлбөрөөр сургах санаатай. Гэхдээ бас нэг ширээнд 3-аар нь суулгачихаад юм сур гэлтэй биш. Дээр нь ажилтай хүмүүс хүүхдээ нааш цааш зөөх, өдөр харах хүний асуудал гээд хөөрхөн ажил ундрах шинжтэй. Яг санаанд таарсан олдож өгөхгүй ярвигтай  л юм билээ. Явж явж найзынхаа зөвлөгөөг /реклам л юм даа/ дагаад хотын төвд өөрийн байртай, өдөр өнжүүлэхтэй боломжийн нэг сургуульд бүртгүүлээд авлаа. Хөөрхөн бэлтгэл ажил өрнөдөг ажээ. Одоо өглөө босоод "Номхон морио унаад, Номтой цүнхээ үүрээд" сургуульдаа явах л үлдлээ.