2012-07-31

Цаг хугацаа

Харь холын олон оддыг тоолж яаж барах вэ
Хан хорвоогийн зовлон жаргалыг дуулж яаж дуусах вэ
Амьдралын их нугачаан дунд тоотой хэдхэн нөхөд минь
Алдаж онож унаж боссон ч хамтдаа байсан
Алдаж онож унаж боссон ч хамтдаа байдгаа

Буцааж болдоггүй цаг хугацааг бид яах ч билээ
Бурхан хишгээ хайрлах бүрт баярлаж л явна даа
Өөрөөсөө илүү өрөөлийг дээдлэх тавилан минь
Өр зүрхнээс минь үндэслэж ургаа биз ээ

Эцэс эцсийн төгсгөлд эхлэл оршдог жамтай
Туулах замын уртад хайраар үргэлжлэх учиртай
Энэрлээр дүүрэн сэтгэл байхын цагтаа
Эрээн бараан орчлон өнгөө зөөллөдөг нь учиртай
Эрээн бараан орчлон өнгөө зөөллөдөг нь учиртай

Гэнэтийн зовлон нүүр тулахад би юу хийх вэ
Эцгээс ирсэн ир зоригоор давж л гарна даа
Энэ бүхнээс илүүтэй чамдаа өгсөн амлалт минь
Эндэх онохыг эн тэнцүүлж итгэл төрүүлнэ

Эцэс эцсийн төгсгөлд эхлэл оршдог жамтай
Туулах замын уртад хайраар үргэлжлэх учиртай
Энэрлээр дүүрэн сэтгэл байхын цагтаа
Эрээн бараан орчлон өнгөө зөөллөдөг нь учиртай
Эрээн бараан орчлон өнгөө зөөллөдөг нь учиртай

Эцэс эцсийн төгсгөлд эхлэл оршдог жамтай
Туулах замын уртад хайраар үргэлжлэх учиртай
Энэрлээр дүүрэн сэтгэл байхын цагтаа
Эрээн бараан орчлон өнгөө зөөллөдөг нь учиртай
Эрээн бараан орчлон өнгөө зөөллөдөг нь учиртай


2012-07-02

Сонгуулийн маргааш


Сонгуулийн маргаашаас эхлэн өрнөж буй олон үйл явдлын заримаас дор товч дурдвал:

Сонгуулийн маргааш өглөө Эрдэнэтийн нэгэн ФМ-ээр “Аав, ээж, бидэн гурав юу вэ? Их хурлын гишүүн” гэдэг дуугаар нэгэн найздаа ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Энэ жилийн сонгуульд Чингис хааны угсаа залгамжлагч хунтайж нэр дэвшсэн боловч сонгогдож чадаагүй байна. Харин сонгуулийн маргааш жинхэнэ угсаа залгамжлагч “хунтайж”-аар аав, ээжийнхээ сонгогдож байсан тойргоос мөн намаас нь нэр дэвшин сонгогдсон нэгэн залуу тодорлоо.

Урьд нь бид УИХ-ын сонгуулийн дараа энэ нөхөр луйвраар гишүүн болсон, энэ бол жинхэнэ сонгогдсон гэж ярьдаг байв. Сонгуулийн маргаашаас энэ хоёр дээр нэмээд “азаар гишүүн бологсод” гэж нэг бүлэг нэмэхээр болсон байна.

Манай улс төр үндэсний бөх, хурдан морьтойгоо маш их хамааралтай. Ухаан нь сонгууль болох жилийн цагаан сарын барилдаанд бага цолтой бөх түрүүлбэл УИХ-д шинэ гишүүд олноор гарна гэж ярих жишээтэй. Энэ ярианд ихэд итгэдэг зарим хүн найрааны начин, жинхэнэ начин дээр нэмээд “азын начин” хэд хэд төрнө гэж үзэн сонгуулийн маргаашаас зодог шуудаг захиалсан байна.

Энэ жилийн сонгуульд аварга цолтой хоёр бөх зодоглож, түүнээс хавьгүй олон алдарт уяач тоосоо өргөсөн байна. Бөхчүүдээс гурав дараалан сонгогдсон дархан аваргад цол гуншин дээр нь нэмэн “Даян гишүүн” цол олгохоор сонгуулийн маргаашаас ярилцаад эхэлжээ. Харин олны танил зарим нэгэн уяач “Биеэ засаад, гэрээ зас, Морь уячхаад Нэрээ дэвшүүл” гэсэн хэлц үг зохиосон байна.

Сонгуулийн маргааш өглөө Сүхбаатар дүүрэгт байрлах хүнсний дэлгүүрт их холоос нэг залуу гүйж ирсэн байна. Мань хүн талх авахаар гэрээсээ гарсан гэх бөгөөд гартаа барьсан 300 төгрөг нь олон дахин гараар тоолсны улмаас урагдсан байжээ.

Урьд бид “нүд үнэнч, чих худалч” гэдэг байсан бол сонгуулийн маргаашаас эхлэн “Машин худалч, гар үнэнч” гэх болсон байна. Цаашаа бүр халиад “Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ”, “Үнэн худлын хооронд 4 хуруу зай бий”, “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэсэн үгсийг “Машинд итгэхээр гартаа итгэ”, “Машин, гар хоёрын хооронд олон саналын зөрөө бий”, “Гараар тоолбол их хуралд сонгогдоно” гэх мэтээр солих санаачилга гаргажээ.