2012-06-27

Гольфийн тухай бага сага

Гольф тоглож үзэх юмсан гэж хэдэн жилийн өмнөөс боддог байв. Бодон бодон явсаар саяханаас л цохиур барьж, бөмбөг цохиж эхлэлээ. Одоогоор долоо хоногт нэг удаа зөвхөн алсын цохилт хийж байгаа, цаашдаа талбайд очиж жинхэнэ утгаар нь тоглох бодолтой. 

Анх гольф цохих гээд талбай дээр очтол өөдөөс сарвайсан олон янзын цохиур угтсан бөгөөд ямар үед аль цохиурыг ашиглах вэ, ямар техникээр цохих вэ гэх мэт асуудал гарч байсан. Тиймээс өөртөө анхны ойлголт авах санаатай багахан зүйл харсанаа энд тэмдэглээд үлдээе гэж бодлоо. Эхлээд зөвхөн цохиурын төрлүүдийн талаар л уншсанаа бичлээ. Хэрвээ залхуурчихгүй бол цаашдаа уншсан мэдсэн зүйлээ бага багаар оруулнаа.

Ер нь тэгээд аливааг анхнаас нь онол, номын дагуу, зөв техник эзэмшээд сурч эхлэвэл өөрт тогтож үлдэх, цаашид амжилт гаргахад ч дөхөм нь ойлгомжтой. Бүх зүйлийг тэгж сурч чадахгүй, зүгээр л шууд барьж аваад үзэх тохиолдол байдаг ч онол бол өмнөх практикаас л урган гардаг болохоор цаг заванд ч хэмнэлттэй юм даа. За ингээд сэдэвтээ орсу.

Гольфийн цохиур нь толгой, иш, бариулаас бүрдэнэ. Үндсэндээ 5 төрлийн цохиур байдаг гэж ойлгосон. Эдгээр нь: Wood, Iron, Hybrid, Wedge, Putter юм. Тод хараар бичсэн 3 төрлийн цохиур хамгийн их хэрэг болно. Тоглогч дээрх 5 төрлийн нийт 14 ширхэг цохиураас бүрдэх сетийг тэмцээнд ашиглана.

Wood
Энэ төрлийн цохиур нь бөмбөгийг tee буюу анхны байрлалаас цохих юмуу бөмбөг нүхнээс хол зайтай үед хэрэг болно. Толгой хэсэг нь том, иш урт, хөнгөн жинтэй, цохиурын нүүрэн хэсэг иш хоёрын хоорондын өнцөг дэлгэмэл байдаг. Дээхнэ үед энэ цохиурын толгойг модоор хийдэг байснаас үүдэн Wood гэж нэрлэдэг боловч орчин үед толгойг металаар хийх болжээ. Тоглогчид 14 цохиур бүхий set-дээ wood төрлийн 3 цохиур авч явдаг.
1 дугаарын Wood-ийг Driver гэнэ. Бөмбөгийг анхны байрлалаас цохиход ашиглана. Үлдсэн хоёрыг Fairway wood гэдэг. Сүүлийн үед туршлагатай ихэнх тоглогчид 3 болон 5 дугаарын fairway wood-ийг өргөнөөр ашигладаг. 3 дугаарын fairway wood-ийг бөмбөг нүхнээс 180 орчим метр, 5 дугаартайг 160 орчим метр зайтай үед хэрэглэхэд тохиромжтой байдаг гэнэ.

Iron 
Бөмбөг нүхнээс 160 метр хүрэхгүй зайтай болсон үед Iron төрлийн цохиурыг сонгон ашиглана. Энэ цохиурын жин хүнд, толгой нь жижиг хавтгай, иш харьцангуй богино, өнцөг нь дугаараас шалтгаалан янз бүр байх бөгөөд өнцөгөөс шалтгаалан нарийвчлал нэмэгддэг. Зай хэдий чинээ ойр байна, цохиурын дугаарыг төдий чинээ өсгөж цохидог гэнэ. Орчин үеийн тоглогчид өнөөх сетдээ 3,4,5,6,7,8,9 дугаарын Iron цохиур хийдэг.


Wedge
Iron цохиурын нэг төрөл боловч зарим нэг өвөрмөц тохиолдолд ашиглах тусгай зориулалттай байдаг. Дийлэнх тоглогч 14 цохиуртай сетдээ pitching wedge ( 10 дугаартай iron), sand wedge, gap wedge, lob wedge цохиуруудыг ашигладаг. Хэрэв та эхлэн суралцагч бол pitching wedge-ээс бусдыг нь авах гэж яарах хэрэггүй гэж зөвлөсөн байх юм билээ.

Hybrid
Сүүлийн үеийн нарийн судалгааны үр дүнд Hybrid цохиурыг үйлдвэрлэх болсон. Зай харьцангуй хол  fairway wood болон хол зайн iron ашиглахад тохиромжгүй үед Hybrid цохиураар цохидог. Хэлбэрийн хувьд wood-тэй төстэй урт нь Iron той адил байдаг ажээ.

Putter
Тоглолтын төсгөлд хэрэглэх буюу бөмбөгийг нүхэнд оруулах зориулалттай цохиур.

Ерөнхийдөө ихэнх тоглогчидийн 14 цохиур бүхий гольфийн хэрэгсэлд дараах цохиурууд багтдаг байх нь. Гэхдээ заавал доорх цохиурууд л байнаа гэсэн үг биш. Та өөрөө ямар цохиур ашиглахаа өөрөө шийдэх нь ээ. 

Wood 3 (1 driver, 2 fairway wood)
Iron 7 (3,4,5,6,7,8,9 дугаартай)
Wedge 2 (pitching, sand)
Hybrid 1
Putter 1

За ингээд цохиурын тухай ойлгосноо бичихэд нэг иймэрхүү. Би ч бас анхлан суралцагч тул буруу зөрүү зүйл мэдээж байж таараа. Та бүхэн залруулаарай.

2012-06-22

Р.Чойномын ийм нэг шүлэг

Саарал борооны үзүүр тэртээд цайрч
Сайхан санагдахгүй байна. Гунигтай байна.
Нэг өглөө сэрэхэд хавар болсон байгаасай
Номнуудаа цүнхэлж аваад гэртээ харих юмсан.
Цэлийсэн тал нутгаа харж санаа алдаад
Цээж дүүрэн амьсгалж маргааш болтол бөх унтахсан.
Цэв цэнхэр тэнгэр, алтан нараа үзэхсэн.
Цээжээ онгойлгож тэгээд үдэш болтол уулан дээр суухсан.
Сар гарахыг харж цаг хугацааг мартахсан.
Салхины амтыг мэдэрч, сул тааваараа уйлахсан.
Шүлэг найраг уншиж нэг л тайван суухсан
Шөнийн нам гүмд тэгээд дуу аялж жаргахсан
Урт өвлийн дараа урин хавар ирнээ.
Урдах дарсаа уу. Удахгүй гэртээ харинаа.
Хүссэн бүхэн чинь хүзүүгээр чинь татнаа
Хүний газар өөрөө өөртөө итгэе.


PS: Хүний газар хэсэгхээн хугацаад байхад уншуулж байсан шүлэг.

2012-06-17

Улаан хамгаалагч

Мао эрх мэдлээ бэхжүүлж, улс төрийн өрсөлдөгчдөө дарахын тулд “Соёлын хувьсгал” гэгчийг эхлүүлж олон мянган хүний амь насыг сүйтгэж, хятадын түүхийн үй олон дурсгалыг устган, соёл уламжлалаа үгүйсгэх аянд гарсан билээ. Тэр энэ лут ажилдаа дунд сургуулийн сурагч, оюутнуудыг ашиглан “Улаан хамгаалагч” хэмээн хөөргөж, хүслээ гүйцэлдүүлсэн гэдэг. Учраа мэдэхгүй улаан хамгаалагчид хэнийг, юунаас, яаж хамгаалж буйгаа ч ойлголгүй, нийгмийг өөрчлөх их хувьсгалын төлөө явна гэж бодсоор өөрийн мэдэлгүй ашиглуулж байсан биз.

Намынхаа даалгавар, даргынхаа хүслийн төлөө өөр үзэл бодолтой хэнийг ч яаж ч харааж зүхэхээс буцахгүй сүрэглэн довтлох залуусын армийг харах тоолонд дээрх түүх санаанд орох юм. Улс төрийн сонгууль ойртох тутам улаан хамгаалагчдын авир догширч, үг хэл нь ширүүсч байгаа нь нэг цаг твиттер уншихад л шууд харагдах аж.   Зайлуул тэд их чанга орилох тусам даргадаа таалагдана, тэгээд намаа ашиглаад өндөр албан тушаал, их мөнгө, зугаа цэнгэл олж чадна, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж байна гэж боддог байх.Ганц нэгээрээ бол тэд хэн ч биш, учир нь тэд бие хүмүүс биш бөгөөд сүргийн нэг эрэг шураг л байдаг. Олуулаа дайраад байвал хэн ч буруудахгүй гэж боддог сүргийн гишүүн.

Тэд үнэт зүйлээ, үзэл бодлоо, цаг зав, мөнгө хөрөнгө, нэр нүүрээ бүрэн ашиглуулж байж гэдгээ нэг өдөр ойлгох болов уу.
Ганцаардлаас ангижрахын тулд тэнэгүүдийн сүрэгт нэгдсэн толгойгүй хүн шиг харагддагаа мэддэг болов уу.
Сонгууль болдгоороо болж, маргааш нь нар манддаг янзаараа л мандана. Тэр үед нүүр бүтэн байх тухай боддог болов уу.