2012-03-23

Сонсжухуй

Үндэслэлтэй үнэ гэж яг байдаг уу?

Би багадаа зах дээр ундаа зарж байсан юм. Ганц хоёр авдраас хэтрээгүй л дээ. Одоогийн энэ Нарантуул зах Дэнжийн 1000-д байсан цаг, би 5-р ангид ордог жилийн зун юмуу даа.
Тэр үед нэг шил ундааг цехээс нь очоод авахад 50 төгрөг байв. Хүн бүр цехед нь очоод ундаа авбал 50 гэдгийг мэднэ, гэхдээ л тэд 100 төгрөгөөр зарж байгаа ундааг минь авч, тун чиг сэтгэл хангалуунаар ууцгаадаг байсан.
Одоо зарим хүний ойлголтоор бол над шиг тэгж ундаа зардаг байсан хүүхдүүд бүгд адгийн муу ченж, үгсэн хуйвалдаж үнээ нэмэгсэд, амандаа орсон үнээ хэлж, цангасан түмний халаасыг сэгсэрсэн шулаачид байх л даа. Юу гэж бодох нь тэдний хэрэг бөгөөд тусдаа асуудал биз.

Харин тэр үед би ундаагаа яагаад заавал 100 төгрөгөөр зардаг байсан юм бол? Үнэхээр үгсэн хуйвалддаг байсан бол Дэнжийн 1000 ийн бүх ундаа зардаг хүүхдийг цуглуулж "хуйвалдаад" 200 болгох минь яав, эсвэл ард түмэндээ хайр зарлаад авсан үнээрээ өгөх минь яав.

Тэр үед мэдээж би зах зээлийн үнэ, эрэлт, нийлүүлэлт гэх мэт эдийн засгийн элдэв ойлголтын талаар ямар ч төсөөлөлгүй, тэр тухай огт сонирхдоггүй байсан үе л дээ.

Одоо бодоход, би ундаагаа 90 төгрөгөөр зарахад миний ашиг багасах тул ундаа зарах сонирхол минь буурч, энэ наймааг хийхгүй. Харин үнээ 110 болгоход л ундааг минь тоож уух хүнгүй болох байсан учраас "зах зээлийн тогтоосон" 100 төгрөгөөр зардаг байсан бизээ. Тэр үед ундаа зараад 100 хувийн ашиг олж байсныг зарим хүн одоо "үндэслэлгүйгээр" үнэ нэмж, их ашиг олж байж гэж магадгүй ээ. Тэгвэл яг хэдэн төгрөгөөр зарвал үндэслэлтэй болох байсан юм, худалдаачин хүн хэдэн хувийн ашиг олох ёстой юм бэ? гэж асуумаар.

Зарим хүн худалдаачдыг их үзэн ядаж харагдах юм. Үгсэн хуйвалдлаа, их ашиг оллоо, ард түмнийг шулж байна гэж ирээд цогтой халуун үгсийг урсгаад л.
Би бол бодохдоо хүн болгон өөр өөрсдөө үйлдвэрлэгчээс нь очоод бараа, бүтээгдэхүүнээ авахыг хэн нэг нь хориглоогүй л цаг гэж санах юм. Махны зах зээлээр л бодоход бид бүгд идэх хоолныхоо махыг авахаар тал тал тийшээ тараад харайлгах боломж бүрэн нээлттэй. Тэр нь үнэхээр хэдэн зуун хувийн ашигтай бол хотод авчраад зарах эрх нь бас нээлттэй. Дээр нь шулуулан, шулуулан, хараал, зүхлээ урсган урсган худалдагчаас мах авахгүй байх боломж нээлттэй байхад захруу явдаг нь юу вэ?

2012-03-12

Амьдралд гэгээрэл

Гэгээрэл бол юм мэддэггүй, аливааг ухаж ойлгох тэнхэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас гарах боломж юм. Өөрийгөө жолоодох чадваргүй, бусдын мэдэлд орох явдал хүмүүний өөрийнх нь буруугаас эх үүдэлтэй, гэгээрч боловсроогүйн илрэл болой. Хүнд оюун ухаан дутсанаас бус, харин байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр дутсанаас тийнхүү өөрийн мэдэлгүй бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явахад хүрдэг. Зориг зүрх гаргаж, өөрт заяагдсан оюун ухаандаа эзэн болооч! 
Имануэль Кант 1739 он


Кантын энэ үг огт санаандгүй миний ширээн дээр гараад ирсэн. Надад хандсан үг шиг санагдсан.