2012-02-15

...

Өөрийгөө баахан юманд хүлчихээд тэрнээсээ сугарч гарч чадахгүй тийчлээд л. Тэгвэл тэгчих байх, тэрийг шийдэхгүй болохгүй, тэгэхгүй бол тэгээд балрана даа гэж тал талаас нь бодоод л. Өөрийнхөө хамаг дутагдалыг хамж шимж бодоод л...

Уг нь зүгээр л нүдээ аниад юу хүсч байгаагаа шууд хийгээд явчихвал ...

Яг л Болдсайхан эмчийн энэ шүлэг шиг ...

Зүрхний хүлээсээ тайлж хаячихаад
             зүгээр л эрх чөлөөтэй цохилмоор ч юм шиг
Зүүдний оронд оргож оччихоод
            зуурдын хорвоогоос урвамаар ч юм шиг

2012-02-01

Аав, ээж хоёрын минь төрсөн өдөр

Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Хэдхэн хоногийн дараа ээжийн минь төрсөн өдөр болно.
Аав, ээж хоёр маань бидний төлөө бүхнээ зориулсан, бүх хүсэл мөрөөдөл, итгэл найдвараа шингээж өсгөсөн энгүй агуу хүмүүс. Тэднийхээ бага насны тухай, туулж өнгөрүүлсэн үй түмэн адал явдлынх нь тухай сонсох бүрт яаж тэр бүгдийг давж гарсан юм болдоо гэмээр санагддаг юм. Сонсох нэг хэрэг. Үрдээ зовох эцгийн шаналанг мэдэрч өсөөд хүн болно гэгчээр өөрт тохиолдоод ирэхэд л жинхэнэ ойлгодог шиг байгаа юм. Одоо ч зах зухаас нь амсаж л явна. Амсах тусам л улам хайрлах хүндлэх сэтгэл минь нэмэгдэж байдаг.
Хүн хэчнээн том болсон ч аав ээждээ хүүхэд л байдаг юм гэдэг. Алгын чинээ нялзрай байхаас нь элгэндээ нааж, энгэртээ тэвэрч өсгөсөн юм болохоор тэр л чигээрээ сэтгэлд нь үлдэхээс өөр яах ч билээ дээ.
Ямар ч үнэтэй цайтай бэлэг сэлтээс илүү үр хүүхдийнх нь сайн сайхан яваа нь л хүний сэтгэлийн жаргал, энэ хорвоогийн хамгийн том бэлэг байдаг гэдэг болохоор сайн явж л та хоёрыгоо баярлуулъя даа.
Аав, ээж хоёртоо хязгааргүй хайртай юм шүү, хүү нь.