2012-11-06

Америкийн сонгууль


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна.Хаа холын америкийн сонгууль бидэнд ямар хамаатай гэж зарим нь хэлнэ л дээ. “Дэлхийн хамгийн нөлөө бүхий орны ерөнхийлөгчөөр хэн сонгогдох ...” гээд олон янзын тайлбар хэлж болох ч ерөөсөө л тэнд сонгууль хэрхэн явагдаж байна, сонгуулийн өмнөх мэтгэлцээн, сонгогчдын дунд явуулж буй төрөл бүрийн санал асуулга судалгааны дүн нь ямархуу нарийн гарч байна гээд харах, сонирхох зүйл олон байдаг.
Энэ жилийн сонгуулийн кампанит ажил их өрсөлдөөнтэй явагдах шиг боллоо. Сонгуулийн тогтолцоо нь манайхаас шал ондоо, өчнөөн олон намтай боловч 2 намаас л ээлжлэн сонгогдсоор ирсэн гэдгийг бүгд л мэдэх биз.
Энэ жилийн сонгуульд л гэхэд нэр дэвших хүсэлтээ илэрхийлж 417 хүн бүртгүүлсэн байгаам. Нам доторх праймариз гэж явсаар нэлээд нь хасагдаад 20-иод нэр дэвшигч байгаа ч “онолын хувьд” ялах боломжтой 6 хүн байна. Гэвч мэдээж хамгийн гол өрсөлдөөн Обама – Ромни байх нь ойлгомжтой.
Голлох хоёр нэр дэвшигчийн дунд болсон мэтгэлцээн сонгуулийн дүнг ерөнхийд нь шийддэг гэдэг. Тэгвэл мэтгэлцээнд Обама 2:1 харьцаагаар ялсан гэж дүгнэж байхын.
Харин байгуулагдсанаасаа хойш 70 жилийн хугацаанд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд маш ханатай, сайн судалгаа хийдгээрээ алдаршсан Gallup –ийн сонгуулийн өмнөх сүүлийн судалгааны дүнгээр Митт Ромни 49, Барак Обама 48% гэж гарчээ.
Энэ судалгааны зарим тоо баримт их сонирхолтой байгаам. Доорх зургаас шууд харчих.

Зургаас харахаар Ромнигийн талд эрчүүд голдуу, нас ахимаг, цагаан арьстай, боловсролын түвшин тийм айхтар биш, тэгээд чинээлэг хэсэг байгаа юм.

Энэ Gallup ийн судалгаа их нуруутай гардаг гэдгийг дээр хэлсэн. Түүхэндээ ердөө хоёр удаа л буруу таамагласан гэж байгаам.
Харин манайд болдог судалгаанууд юу билээ. Энд тэндхийн захиалга орсон, судалгаа ч юмуу, сурталчилгаа ч юмуу хачин юм байдаг. Дээр нь тэр 3 удаагийн мэтгэлцээн ямар сүрхий болж дэлхий даяараа харж байна. Гэтэл хажууд нь манай мэтгэлцээн арай л жул болдог гэх мэт харах сонжих юм ихтэй л байхым даа.
“Тэнд хүмүүс аливаад ул суурьтай, шинжлэх ухаанчаар хандаж байна” нтр гээл сүртэй үгээр яриул бас ярих л юм даа.

Юу ч гэсэн хэн сонгогдох нь уу харж л байя. 

2012-08-31

Есдүгээр сарын нэгэн

Хүний ертөнцийг үзэх үзэл төлөвшихөд хүчтэй нөлөөлсөн хүн, үйл явдал, мартагдах аргагүй агшин хором гэж байдаг. Амьдралд олон хүн тааралдаж, олон олон үйл явдал тохиолдох авч цаашдын амьдрал, хувь тавиланд нь дээр хэлээд байгаа шиг хүчтэй нөлөөлсөн нь цөөн хэд л байдаг бизээ.

Сүртэй ярьвал эрдэм номын замд хөл тавих, бүр багаар бодоход бичиг үсэгт тайлагдаж 4 аргын тоо сурч эхэлнэ гэдэг орчин үеийн хүний хувьд чухал үйл явдал мөнөөсөө мөн болов уу. 

20-иод жилийн өмнө аавынхаа гараас хөтлөөд сургуульд бүртгүүлнэ гээд хөөрч явсанаа, бэлтгэл ангид ороод муруй тахир зураас дэвтэр дүүрэн сараачдаг байснаа, 9-р сарын 1-нд сургуулийнхаа нээлт дээр "Барилгачин Баяраа" уншаад инээж зогссоноо одоо би санаж байна. 

Үеийнхэнээсээ нэг жилийн өмнө тэгж сургуульд ороогүй бол миний эзэмшсэн мэргэжил, найз нөхөд, танилын хүрээ гээд бүх л зүйл шал өөрөөр явж ерөөсөө л одоогийн байгаа БИ нэг л өөр хүн байх байсан ч юм шиг.

Анх А үсэг заасан багш маань дөнгөж сургуулиа төгсөөд анхныхаа хичээлийг зааж байсан болов уу, их л залуухан, сайхан эмэгтэй байсансан. Ганцхан улирал сураад шилжээд явсан болохоор 1Д ангийн хүүхдүүдтэй, ангийнхаа багштай хамт авахуулсан нэг ч зураг үлдсэнгүй, нэрсийг нь ч одоо санадаггүй юм. Харин ангийн цонхон доор нэг ах ирээд багшийг маань дууддаг, давжаа алим өгдөг байсныг, тэр алимнуудыг нь асуултанд зөв хариулсан хүүхдэд шагнал болгоод өгчихдөг байсныг тод санаж байна. Одоо бодоход багшийг маань эргүүлдэг л залуу байж дээ. Ганцхан улирал сураад шилжих болоход багш маань их л дурамжхан явуулж билээ. Шилжиж очсон сургуулийн маань багш 50 орчим настай, 16-тайгаасаа багшилсан сайхан хүн байсан. Шавь нараа гэсэн сэтгэлтэй, хүүхдүүддээ их анхаардаг, хичээлээ нэг л тасалчихаар араас гэрт гүйгээд ирдэг сүрхий хүн байж билээ. Их ч зүйл сургасан даа. 

Сайн багштай, тэр хэрээрээ хичээл маань сонирхолтой байсных юм болов уу бага байхад есдүгээр сарын нэгнийг догдолж яарч хүлээдэгсэн. 

Сүүлийн хэдэн жил тэгж хүлээсэнгүй. Харин энэ жил бол онцгой байлаа. Хориод жилийн өмнө юугаа ч мэдэхгүй би ааваасаа хөтлөөд сургуулийн хаалгаар орж байсан бол одоо охин минь сургуульд орох цаг болжээ. Хавар сургууль тарахаас эхлэн судалж, хувь хувьсгалыг харьцуулж хэсэг юм боллоо. Элдэв шалдав гадаад хэл, хүүхэд ядраасан олон янзын хөтөлбөр гэлгүй ердийн л Монгол сургуульд, насанд нь тохирсон хөтөлбөрөөр сургах санаатай. Гэхдээ бас нэг ширээнд 3-аар нь суулгачихаад юм сур гэлтэй биш. Дээр нь ажилтай хүмүүс хүүхдээ нааш цааш зөөх, өдөр харах хүний асуудал гээд хөөрхөн ажил ундрах шинжтэй. Яг санаанд таарсан олдож өгөхгүй ярвигтай  л юм билээ. Явж явж найзынхаа зөвлөгөөг /реклам л юм даа/ дагаад хотын төвд өөрийн байртай, өдөр өнжүүлэхтэй боломжийн нэг сургуульд бүртгүүлээд авлаа. Хөөрхөн бэлтгэл ажил өрнөдөг ажээ. Одоо өглөө босоод "Номхон морио унаад, Номтой цүнхээ үүрээд" сургуульдаа явах л үлдлээ.

2012-07-31

Цаг хугацаа

Харь холын олон оддыг тоолж яаж барах вэ
Хан хорвоогийн зовлон жаргалыг дуулж яаж дуусах вэ
Амьдралын их нугачаан дунд тоотой хэдхэн нөхөд минь
Алдаж онож унаж боссон ч хамтдаа байсан
Алдаж онож унаж боссон ч хамтдаа байдгаа

Буцааж болдоггүй цаг хугацааг бид яах ч билээ
Бурхан хишгээ хайрлах бүрт баярлаж л явна даа
Өөрөөсөө илүү өрөөлийг дээдлэх тавилан минь
Өр зүрхнээс минь үндэслэж ургаа биз ээ

Эцэс эцсийн төгсгөлд эхлэл оршдог жамтай
Туулах замын уртад хайраар үргэлжлэх учиртай
Энэрлээр дүүрэн сэтгэл байхын цагтаа
Эрээн бараан орчлон өнгөө зөөллөдөг нь учиртай
Эрээн бараан орчлон өнгөө зөөллөдөг нь учиртай

Гэнэтийн зовлон нүүр тулахад би юу хийх вэ
Эцгээс ирсэн ир зоригоор давж л гарна даа
Энэ бүхнээс илүүтэй чамдаа өгсөн амлалт минь
Эндэх онохыг эн тэнцүүлж итгэл төрүүлнэ

Эцэс эцсийн төгсгөлд эхлэл оршдог жамтай
Туулах замын уртад хайраар үргэлжлэх учиртай
Энэрлээр дүүрэн сэтгэл байхын цагтаа
Эрээн бараан орчлон өнгөө зөөллөдөг нь учиртай
Эрээн бараан орчлон өнгөө зөөллөдөг нь учиртай

Эцэс эцсийн төгсгөлд эхлэл оршдог жамтай
Туулах замын уртад хайраар үргэлжлэх учиртай
Энэрлээр дүүрэн сэтгэл байхын цагтаа
Эрээн бараан орчлон өнгөө зөөллөдөг нь учиртай
Эрээн бараан орчлон өнгөө зөөллөдөг нь учиртай


2012-07-02

Сонгуулийн маргааш


Сонгуулийн маргаашаас эхлэн өрнөж буй олон үйл явдлын заримаас дор товч дурдвал:

Сонгуулийн маргааш өглөө Эрдэнэтийн нэгэн ФМ-ээр “Аав, ээж, бидэн гурав юу вэ? Их хурлын гишүүн” гэдэг дуугаар нэгэн найздаа ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Энэ жилийн сонгуульд Чингис хааны угсаа залгамжлагч хунтайж нэр дэвшсэн боловч сонгогдож чадаагүй байна. Харин сонгуулийн маргааш жинхэнэ угсаа залгамжлагч “хунтайж”-аар аав, ээжийнхээ сонгогдож байсан тойргоос мөн намаас нь нэр дэвшин сонгогдсон нэгэн залуу тодорлоо.

Урьд нь бид УИХ-ын сонгуулийн дараа энэ нөхөр луйвраар гишүүн болсон, энэ бол жинхэнэ сонгогдсон гэж ярьдаг байв. Сонгуулийн маргаашаас энэ хоёр дээр нэмээд “азаар гишүүн бологсод” гэж нэг бүлэг нэмэхээр болсон байна.

Манай улс төр үндэсний бөх, хурдан морьтойгоо маш их хамааралтай. Ухаан нь сонгууль болох жилийн цагаан сарын барилдаанд бага цолтой бөх түрүүлбэл УИХ-д шинэ гишүүд олноор гарна гэж ярих жишээтэй. Энэ ярианд ихэд итгэдэг зарим хүн найрааны начин, жинхэнэ начин дээр нэмээд “азын начин” хэд хэд төрнө гэж үзэн сонгуулийн маргаашаас зодог шуудаг захиалсан байна.

Энэ жилийн сонгуульд аварга цолтой хоёр бөх зодоглож, түүнээс хавьгүй олон алдарт уяач тоосоо өргөсөн байна. Бөхчүүдээс гурав дараалан сонгогдсон дархан аваргад цол гуншин дээр нь нэмэн “Даян гишүүн” цол олгохоор сонгуулийн маргаашаас ярилцаад эхэлжээ. Харин олны танил зарим нэгэн уяач “Биеэ засаад, гэрээ зас, Морь уячхаад Нэрээ дэвшүүл” гэсэн хэлц үг зохиосон байна.

Сонгуулийн маргааш өглөө Сүхбаатар дүүрэгт байрлах хүнсний дэлгүүрт их холоос нэг залуу гүйж ирсэн байна. Мань хүн талх авахаар гэрээсээ гарсан гэх бөгөөд гартаа барьсан 300 төгрөг нь олон дахин гараар тоолсны улмаас урагдсан байжээ.

Урьд бид “нүд үнэнч, чих худалч” гэдэг байсан бол сонгуулийн маргаашаас эхлэн “Машин худалч, гар үнэнч” гэх болсон байна. Цаашаа бүр халиад “Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ”, “Үнэн худлын хооронд 4 хуруу зай бий”, “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэсэн үгсийг “Машинд итгэхээр гартаа итгэ”, “Машин, гар хоёрын хооронд олон саналын зөрөө бий”, “Гараар тоолбол их хуралд сонгогдоно” гэх мэтээр солих санаачилга гаргажээ.

2012-06-27

Гольфийн тухай бага сага

Гольф тоглож үзэх юмсан гэж хэдэн жилийн өмнөөс боддог байв. Бодон бодон явсаар саяханаас л цохиур барьж, бөмбөг цохиж эхлэлээ. Одоогоор долоо хоногт нэг удаа зөвхөн алсын цохилт хийж байгаа, цаашдаа талбайд очиж жинхэнэ утгаар нь тоглох бодолтой. 

Анх гольф цохих гээд талбай дээр очтол өөдөөс сарвайсан олон янзын цохиур угтсан бөгөөд ямар үед аль цохиурыг ашиглах вэ, ямар техникээр цохих вэ гэх мэт асуудал гарч байсан. Тиймээс өөртөө анхны ойлголт авах санаатай багахан зүйл харсанаа энд тэмдэглээд үлдээе гэж бодлоо. Эхлээд зөвхөн цохиурын төрлүүдийн талаар л уншсанаа бичлээ. Хэрвээ залхуурчихгүй бол цаашдаа уншсан мэдсэн зүйлээ бага багаар оруулнаа.

Ер нь тэгээд аливааг анхнаас нь онол, номын дагуу, зөв техник эзэмшээд сурч эхлэвэл өөрт тогтож үлдэх, цаашид амжилт гаргахад ч дөхөм нь ойлгомжтой. Бүх зүйлийг тэгж сурч чадахгүй, зүгээр л шууд барьж аваад үзэх тохиолдол байдаг ч онол бол өмнөх практикаас л урган гардаг болохоор цаг заванд ч хэмнэлттэй юм даа. За ингээд сэдэвтээ орсу.

Гольфийн цохиур нь толгой, иш, бариулаас бүрдэнэ. Үндсэндээ 5 төрлийн цохиур байдаг гэж ойлгосон. Эдгээр нь: Wood, Iron, Hybrid, Wedge, Putter юм. Тод хараар бичсэн 3 төрлийн цохиур хамгийн их хэрэг болно. Тоглогч дээрх 5 төрлийн нийт 14 ширхэг цохиураас бүрдэх сетийг тэмцээнд ашиглана.

Wood
Энэ төрлийн цохиур нь бөмбөгийг tee буюу анхны байрлалаас цохих юмуу бөмбөг нүхнээс хол зайтай үед хэрэг болно. Толгой хэсэг нь том, иш урт, хөнгөн жинтэй, цохиурын нүүрэн хэсэг иш хоёрын хоорондын өнцөг дэлгэмэл байдаг. Дээхнэ үед энэ цохиурын толгойг модоор хийдэг байснаас үүдэн Wood гэж нэрлэдэг боловч орчин үед толгойг металаар хийх болжээ. Тоглогчид 14 цохиур бүхий set-дээ wood төрлийн 3 цохиур авч явдаг.
1 дугаарын Wood-ийг Driver гэнэ. Бөмбөгийг анхны байрлалаас цохиход ашиглана. Үлдсэн хоёрыг Fairway wood гэдэг. Сүүлийн үед туршлагатай ихэнх тоглогчид 3 болон 5 дугаарын fairway wood-ийг өргөнөөр ашигладаг. 3 дугаарын fairway wood-ийг бөмбөг нүхнээс 180 орчим метр, 5 дугаартайг 160 орчим метр зайтай үед хэрэглэхэд тохиромжтой байдаг гэнэ.

Iron 
Бөмбөг нүхнээс 160 метр хүрэхгүй зайтай болсон үед Iron төрлийн цохиурыг сонгон ашиглана. Энэ цохиурын жин хүнд, толгой нь жижиг хавтгай, иш харьцангуй богино, өнцөг нь дугаараас шалтгаалан янз бүр байх бөгөөд өнцөгөөс шалтгаалан нарийвчлал нэмэгддэг. Зай хэдий чинээ ойр байна, цохиурын дугаарыг төдий чинээ өсгөж цохидог гэнэ. Орчин үеийн тоглогчид өнөөх сетдээ 3,4,5,6,7,8,9 дугаарын Iron цохиур хийдэг.


Wedge
Iron цохиурын нэг төрөл боловч зарим нэг өвөрмөц тохиолдолд ашиглах тусгай зориулалттай байдаг. Дийлэнх тоглогч 14 цохиуртай сетдээ pitching wedge ( 10 дугаартай iron), sand wedge, gap wedge, lob wedge цохиуруудыг ашигладаг. Хэрэв та эхлэн суралцагч бол pitching wedge-ээс бусдыг нь авах гэж яарах хэрэггүй гэж зөвлөсөн байх юм билээ.

Hybrid
Сүүлийн үеийн нарийн судалгааны үр дүнд Hybrid цохиурыг үйлдвэрлэх болсон. Зай харьцангуй хол  fairway wood болон хол зайн iron ашиглахад тохиромжгүй үед Hybrid цохиураар цохидог. Хэлбэрийн хувьд wood-тэй төстэй урт нь Iron той адил байдаг ажээ.

Putter
Тоглолтын төсгөлд хэрэглэх буюу бөмбөгийг нүхэнд оруулах зориулалттай цохиур.

Ерөнхийдөө ихэнх тоглогчидийн 14 цохиур бүхий гольфийн хэрэгсэлд дараах цохиурууд багтдаг байх нь. Гэхдээ заавал доорх цохиурууд л байнаа гэсэн үг биш. Та өөрөө ямар цохиур ашиглахаа өөрөө шийдэх нь ээ. 

Wood 3 (1 driver, 2 fairway wood)
Iron 7 (3,4,5,6,7,8,9 дугаартай)
Wedge 2 (pitching, sand)
Hybrid 1
Putter 1

За ингээд цохиурын тухай ойлгосноо бичихэд нэг иймэрхүү. Би ч бас анхлан суралцагч тул буруу зөрүү зүйл мэдээж байж таараа. Та бүхэн залруулаарай.

2012-06-22

Р.Чойномын ийм нэг шүлэг

Саарал борооны үзүүр тэртээд цайрч
Сайхан санагдахгүй байна. Гунигтай байна.
Нэг өглөө сэрэхэд хавар болсон байгаасай
Номнуудаа цүнхэлж аваад гэртээ харих юмсан.
Цэлийсэн тал нутгаа харж санаа алдаад
Цээж дүүрэн амьсгалж маргааш болтол бөх унтахсан.
Цэв цэнхэр тэнгэр, алтан нараа үзэхсэн.
Цээжээ онгойлгож тэгээд үдэш болтол уулан дээр суухсан.
Сар гарахыг харж цаг хугацааг мартахсан.
Салхины амтыг мэдэрч, сул тааваараа уйлахсан.
Шүлэг найраг уншиж нэг л тайван суухсан
Шөнийн нам гүмд тэгээд дуу аялж жаргахсан
Урт өвлийн дараа урин хавар ирнээ.
Урдах дарсаа уу. Удахгүй гэртээ харинаа.
Хүссэн бүхэн чинь хүзүүгээр чинь татнаа
Хүний газар өөрөө өөртөө итгэе.


PS: Хүний газар хэсэгхээн хугацаад байхад уншуулж байсан шүлэг.

2012-06-17

Улаан хамгаалагч

Мао эрх мэдлээ бэхжүүлж, улс төрийн өрсөлдөгчдөө дарахын тулд “Соёлын хувьсгал” гэгчийг эхлүүлж олон мянган хүний амь насыг сүйтгэж, хятадын түүхийн үй олон дурсгалыг устган, соёл уламжлалаа үгүйсгэх аянд гарсан билээ. Тэр энэ лут ажилдаа дунд сургуулийн сурагч, оюутнуудыг ашиглан “Улаан хамгаалагч” хэмээн хөөргөж, хүслээ гүйцэлдүүлсэн гэдэг. Учраа мэдэхгүй улаан хамгаалагчид хэнийг, юунаас, яаж хамгаалж буйгаа ч ойлголгүй, нийгмийг өөрчлөх их хувьсгалын төлөө явна гэж бодсоор өөрийн мэдэлгүй ашиглуулж байсан биз.

Намынхаа даалгавар, даргынхаа хүслийн төлөө өөр үзэл бодолтой хэнийг ч яаж ч харааж зүхэхээс буцахгүй сүрэглэн довтлох залуусын армийг харах тоолонд дээрх түүх санаанд орох юм. Улс төрийн сонгууль ойртох тутам улаан хамгаалагчдын авир догширч, үг хэл нь ширүүсч байгаа нь нэг цаг твиттер уншихад л шууд харагдах аж.   Зайлуул тэд их чанга орилох тусам даргадаа таалагдана, тэгээд намаа ашиглаад өндөр албан тушаал, их мөнгө, зугаа цэнгэл олж чадна, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж байна гэж боддог байх.Ганц нэгээрээ бол тэд хэн ч биш, учир нь тэд бие хүмүүс биш бөгөөд сүргийн нэг эрэг шураг л байдаг. Олуулаа дайраад байвал хэн ч буруудахгүй гэж боддог сүргийн гишүүн.

Тэд үнэт зүйлээ, үзэл бодлоо, цаг зав, мөнгө хөрөнгө, нэр нүүрээ бүрэн ашиглуулж байж гэдгээ нэг өдөр ойлгох болов уу.
Ганцаардлаас ангижрахын тулд тэнэгүүдийн сүрэгт нэгдсэн толгойгүй хүн шиг харагддагаа мэддэг болов уу.
Сонгууль болдгоороо болж, маргааш нь нар манддаг янзаараа л мандана. Тэр үед нүүр бүтэн байх тухай боддог болов уу.

2012-05-31

Зургадугаар сар минь сайн байна уу!


Тавдугаар сар. Хахир хатуу, олон ааштай Монголын хавар. Цас, бороо, шороо, салхи шуурга, нар... жилийн 4 улирлыг бүгдийг нь үзүүлчихдэг хаврын сар. Магадгүй ийм хатуу, ширүүн хавартай газар Монголоос өөр байхгүй ч бизээ. Ийм хаврыг тэсч гарсан нь л амьд үлддэг, цааш урагшилдаг байхаа.

2012-05-28

Санамсаргүй


Хагас сайны өглөө санамсаргүй сууж байгаад “19” гэдэг шинэ кино гарч байгаа тухай мэдээ үзлээ. Зохиолыг нь 3 өөр зохиолч бичиж, Цэнддоо гуай ерөнхийд нь базжээ, Баабар продюсерлаж, Балжинням, Нямгаваа, Баатар нар найруулсан бол хөгжмийг нь Шарав гуай бичсэн гэнэ. Энэ нэрсийг сонсоод л үзэх ёстой кино байна гэж бодов.

2012-04-05

MLTR - I'm Gonna Be Around

It's been so long since we took the time
to share words from deep inside us
We're in our own world spinning our wheels
but you know how I feel

since the first time I took your hand
my love for you has just been growing
You always seem to understand
You know how I am

Chorus:
I'm gonna love you til the end
I'm gonna be your very true friend
I wanna share your ups and downs
I'm gonna be around

When you're alone cause I'm away
don't be sad don't be afraid
I'm gonna turn my thoughts to you
like I always do

Chorus:
I'm gonna love you til the end
I'm gonna be your very true friend...

Catch you when you fall
Hold you when you down
Sharing every moment
I wanna show you all I do
I believe I’ve found a miracle
in you

Chorus:
I'm gonna love you til the end
I'm gonna be your very true friend...

2012-03-23

Сонсжухуй

Үндэслэлтэй үнэ гэж яг байдаг уу?

Би багадаа зах дээр ундаа зарж байсан юм. Ганц хоёр авдраас хэтрээгүй л дээ. Одоогийн энэ Нарантуул зах Дэнжийн 1000-д байсан цаг, би 5-р ангид ордог жилийн зун юмуу даа.
Тэр үед нэг шил ундааг цехээс нь очоод авахад 50 төгрөг байв. Хүн бүр цехед нь очоод ундаа авбал 50 гэдгийг мэднэ, гэхдээ л тэд 100 төгрөгөөр зарж байгаа ундааг минь авч, тун чиг сэтгэл хангалуунаар ууцгаадаг байсан.
Одоо зарим хүний ойлголтоор бол над шиг тэгж ундаа зардаг байсан хүүхдүүд бүгд адгийн муу ченж, үгсэн хуйвалдаж үнээ нэмэгсэд, амандаа орсон үнээ хэлж, цангасан түмний халаасыг сэгсэрсэн шулаачид байх л даа. Юу гэж бодох нь тэдний хэрэг бөгөөд тусдаа асуудал биз.

Харин тэр үед би ундаагаа яагаад заавал 100 төгрөгөөр зардаг байсан юм бол? Үнэхээр үгсэн хуйвалддаг байсан бол Дэнжийн 1000 ийн бүх ундаа зардаг хүүхдийг цуглуулж "хуйвалдаад" 200 болгох минь яав, эсвэл ард түмэндээ хайр зарлаад авсан үнээрээ өгөх минь яав.

Тэр үед мэдээж би зах зээлийн үнэ, эрэлт, нийлүүлэлт гэх мэт эдийн засгийн элдэв ойлголтын талаар ямар ч төсөөлөлгүй, тэр тухай огт сонирхдоггүй байсан үе л дээ.

Одоо бодоход, би ундаагаа 90 төгрөгөөр зарахад миний ашиг багасах тул ундаа зарах сонирхол минь буурч, энэ наймааг хийхгүй. Харин үнээ 110 болгоход л ундааг минь тоож уух хүнгүй болох байсан учраас "зах зээлийн тогтоосон" 100 төгрөгөөр зардаг байсан бизээ. Тэр үед ундаа зараад 100 хувийн ашиг олж байсныг зарим хүн одоо "үндэслэлгүйгээр" үнэ нэмж, их ашиг олж байж гэж магадгүй ээ. Тэгвэл яг хэдэн төгрөгөөр зарвал үндэслэлтэй болох байсан юм, худалдаачин хүн хэдэн хувийн ашиг олох ёстой юм бэ? гэж асуумаар.

Зарим хүн худалдаачдыг их үзэн ядаж харагдах юм. Үгсэн хуйвалдлаа, их ашиг оллоо, ард түмнийг шулж байна гэж ирээд цогтой халуун үгсийг урсгаад л.
Би бол бодохдоо хүн болгон өөр өөрсдөө үйлдвэрлэгчээс нь очоод бараа, бүтээгдэхүүнээ авахыг хэн нэг нь хориглоогүй л цаг гэж санах юм. Махны зах зээлээр л бодоход бид бүгд идэх хоолныхоо махыг авахаар тал тал тийшээ тараад харайлгах боломж бүрэн нээлттэй. Тэр нь үнэхээр хэдэн зуун хувийн ашигтай бол хотод авчраад зарах эрх нь бас нээлттэй. Дээр нь шулуулан, шулуулан, хараал, зүхлээ урсган урсган худалдагчаас мах авахгүй байх боломж нээлттэй байхад захруу явдаг нь юу вэ?

2012-03-12

Амьдралд гэгээрэл

Гэгээрэл бол юм мэддэггүй, аливааг ухаж ойлгох тэнхэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас гарах боломж юм. Өөрийгөө жолоодох чадваргүй, бусдын мэдэлд орох явдал хүмүүний өөрийнх нь буруугаас эх үүдэлтэй, гэгээрч боловсроогүйн илрэл болой. Хүнд оюун ухаан дутсанаас бус, харин байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр дутсанаас тийнхүү өөрийн мэдэлгүй бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явахад хүрдэг. Зориг зүрх гаргаж, өөрт заяагдсан оюун ухаандаа эзэн болооч! 
Имануэль Кант 1739 он


Кантын энэ үг огт санаандгүй миний ширээн дээр гараад ирсэн. Надад хандсан үг шиг санагдсан.

2012-02-15

...

Өөрийгөө баахан юманд хүлчихээд тэрнээсээ сугарч гарч чадахгүй тийчлээд л. Тэгвэл тэгчих байх, тэрийг шийдэхгүй болохгүй, тэгэхгүй бол тэгээд балрана даа гэж тал талаас нь бодоод л. Өөрийнхөө хамаг дутагдалыг хамж шимж бодоод л...

Уг нь зүгээр л нүдээ аниад юу хүсч байгаагаа шууд хийгээд явчихвал ...

Яг л Болдсайхан эмчийн энэ шүлэг шиг ...

Зүрхний хүлээсээ тайлж хаячихаад
             зүгээр л эрх чөлөөтэй цохилмоор ч юм шиг
Зүүдний оронд оргож оччихоод
            зуурдын хорвоогоос урвамаар ч юм шиг

2012-02-01

Аав, ээж хоёрын минь төрсөн өдөр

Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Хэдхэн хоногийн дараа ээжийн минь төрсөн өдөр болно.
Аав, ээж хоёр маань бидний төлөө бүхнээ зориулсан, бүх хүсэл мөрөөдөл, итгэл найдвараа шингээж өсгөсөн энгүй агуу хүмүүс. Тэднийхээ бага насны тухай, туулж өнгөрүүлсэн үй түмэн адал явдлынх нь тухай сонсох бүрт яаж тэр бүгдийг давж гарсан юм болдоо гэмээр санагддаг юм. Сонсох нэг хэрэг. Үрдээ зовох эцгийн шаналанг мэдэрч өсөөд хүн болно гэгчээр өөрт тохиолдоод ирэхэд л жинхэнэ ойлгодог шиг байгаа юм. Одоо ч зах зухаас нь амсаж л явна. Амсах тусам л улам хайрлах хүндлэх сэтгэл минь нэмэгдэж байдаг.
Хүн хэчнээн том болсон ч аав ээждээ хүүхэд л байдаг юм гэдэг. Алгын чинээ нялзрай байхаас нь элгэндээ нааж, энгэртээ тэвэрч өсгөсөн юм болохоор тэр л чигээрээ сэтгэлд нь үлдэхээс өөр яах ч билээ дээ.
Ямар ч үнэтэй цайтай бэлэг сэлтээс илүү үр хүүхдийнх нь сайн сайхан яваа нь л хүний сэтгэлийн жаргал, энэ хорвоогийн хамгийн том бэлэг байдаг гэдэг болохоор сайн явж л та хоёрыгоо баярлуулъя даа.
Аав, ээж хоёртоо хязгааргүй хайртай юм шүү, хүү нь.