2011-06-03

Ажилгүйчүүдийн эгнээнд

Төрийн албанд ажиллаад яг 6 жил болжээ. 2005 оны 6-р сарын 6-нд анх томилогдож байсан бол 2011 оны 6-р сарын 2-ноос өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдлөө.
Энэ хугацаанд их ч зүйлийг сурлаа, сайхан хамт олны дунд орж, нэг баг болж ажиллаа, олон сайхан хүмүүстэй анд нөхөд, ах дүү бололцлоо.
Дөнгөж сургуулиа төгсөөд учраа мэдэхгүй байхдаа л ажиллаж эхэлсэн анхны хамт олон маань сэтгэлд нэг л дотно, сайхан үлддэг юм байна.

Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ гэгчээр надад дандаа сайхан хамт олон, сайн дарга нар таарчээ.
Намайг удирдаж явсан хүмүүс үнэхээр л хариуцсан салбараа мэддэг, чаддаг, ажилдаа эзэн нь байдаг хүмүүс байсны ачаар өдий болтол ажилласан юм болов уу гэж одоо бодогдож байна.

Хүмүүс төрийн албаны тухай, албан хаагчдын тухай элдэв таагүй үгс унагаж л байдаг.
Хүнд суртал, шат дамжлага ихтэй, бүхнийг мэддэг, чаддаг, шийддэг болох гэсэн аястай, хурд багатай гээд олон асуудал байдаг нь үнээн. Зарим нэг нь албан хаагчидтай нь холбоотой л байх.

Гэхдээ зарим нэгний ярьж, бичдэг шиг төрийн албан хаагчид бүгд авилгад идэгдсэн, багтаж ядсан баян, эсвэл зүгээр л юу ч хийлгүй татвар төлөгчдийн мөнгөөр халамжлуулж суудаг хүмүүс бишээ.
Тэнд эх орноо гэсэн чин сэтгэлтэй, болгоё, бүтээе гэсэн эрмэлзэлтэй, мэдлэгтэй, боловсролтой, шижигнэсэн сайхан залуучууд, ид жагсаж яваа дунд үеийнхэн, хур туршлага болсон ахмадууд олон байгаа. Сайн нь муугаасаа мэдээж олон л байх ёстой.

Цаашдаа Монгол төрийн маань алба улам чадварлаг, цомхон, оновчтой бүтэцтэй, эрүүл саруул болно гэдэгт итгэлтэй байна. Би бол хэсэг завсарлая гэж шийдлээ. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд хамт ажилласан, тусалж дэмжсэн, эрүүл шүүмжлэл хэлдэг байсан нөхдөдөө, дарга нартаа баярлалаа.