2011-01-21

Түүн шиг эр хүн байхсан

Гэнэт ахыгаа магтмаар санагдаад явчихлаа.

Би ахаараа бахархдаг. Ах минь намайг бодвол маш өргөн мэдлэгтэй, чадварлаг бөгөөд хийсэн ажил бүр нь амжилт дагуулж байдаг. Тэр хүсэл мөрөөдөлдөө үнэнч, эелдөг, боловсон, хөдөлмөрч гээд магтаад баймаар нэгэн. Хамгийн гол нь тэр Ц.Балдорж агсны хэлсэн шиг "сөхрөлгүй сөрж яваа" эр хүн.

Түүний л ачаар би ганц нэг ном гарчиглаж, дагаж дуурайж, шаралхаж, өрсөлдөж, тэр хэрээрээ өсч байсан минь намайг өдий дайтай явахад нөлөөлсөн гэж боддог. Ерөөсөө би гэдэг хүнд өдий хэрийн үзэл бодол төлөвшихөд аав ээжээс минь гадна түүний нөлөө асар их байсан, одоо ч хэвээрээ л байгаа. Тэр одоо ч үлгэр дуурайл минь болсоор яваа.

Ах маань байнга шинийг эрэлхийлж, сонирхож байдгаас гадна сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахдаа огт цааргалдаггүй сайхан хүн. Дөнгөж 3-р ангид байхдаа л сургуулийнхаа англи хэлний дугуйланд бүртгүүлчхээд миний өмнө I, Hi, Hello, Book гээд заагаад зогсож байж билээ. Бас нэг марзан юм нь тооны хичээлдээ огт сонирхолгүй ах маань хүүхдийн ордны компьютерийн дугуйланд шалгалт өгөөд тэнцчихсэн, надад компьютер заагаад гүйж явахад учиргүй олимпиадад ороод дөвчигнөөд байдаг би дараа жил нь тэнцээгүй хасагдчихаж билээ.

Ах маань өөрийнхөө мэргэжлийг хар багадаа сонгосон. Арван хоёртойгоосоо хойш дурлаж хийсэн ажлаа өдий хүртэл хийж яваа. Ажилдаа дуртай болохоор тэр хэрээрээ амжилт ч дагаж явдаг биз. Удахгүй бас Ph.D -ээ хамгаалчихна. Тэр хүсэл мөрөөдөлдөө, өөртөө үнэнч хүн.

Хүн л юм хойно тэр санаагаар унадаг, бухимддаг, стресст ордог. Тийм үедээ ямар нэг юмыг их нухацтай бодож байгаа шинжтэй дуугаа хураагаад, хөмсөг зангидсан суугаа харагддаг. Төд удалгүй тайвширчихсан, урьдын янзаараа инээж, ярьж, тайлбарлаж, шинэ бодол, санаагаа хуваалцаж байдаг.

Нэг их олон биш ч заримдаа намайг гололгүй амьдралын тухай ярилцдаг юм. Багын дурсамжаасаа эхлээд, хүмүүсийн тухай, амьдарлын тухай өөр өөрийн бодлоо л бид ярилцдаг. Тэр үргэлж намайг ойлгодог, зөвлөдөг дотны анд, газар дээрх ганц төрсөн ах минь.

Тиймээ, тэр бол жинхэнэ эр хүн.

Баяртай, Арслан хотоо

Арслан хотод 10 долооногийг өнгөрөөлөө. Халуун газар өвөлжлөө. Цасгүй шинэ жил, далай, элс, шинэ мэдрэмж, шинэ танилууд, адал явдал, өөрөөр амьдрах хүсэл, мөнгө, хүний мөн чанар, 5 жилийн дараа эргэн ирсэн оюутан амьдрал гээд хэлээд баршгүй янз бүрийн л юм үзлээ, харлаа, мэдэрлээ.
Одоо бол гэртээ харихад бэлэн. Нислэг хүлээсэн хэдхэн цаг л үлдэж. Дахиад мэдээж олон ирж таарна, дараа уулзатлаа баяртай Арслан хотоо.

2011-01-13

Кино

Шинэ оны мэнд. Өнгөрсөн жилийн тухай энд дүгнэлт хийе гэхээр аль хэдийн шинэ он гараад нилээд хээд хоночихож. Ер нь цагийн юм цагтаа. Тэгээд өөр газар дүгнэцэн юм чинь гээд алгассугай.

Харин сүүлд үзсэн гурван ч киноны тухай бичьюү.

1. "Үдэгсэд"

Японы найруулагч Ёжиро Такитагийн 2008 оны бүтээл. Оскарын гадаад хэл дээрх шилдэг кино шагналыг авсан. Тун их таалагдсан кино. Ерөнхий үйл явдлын талаар энд товч бөгөөд тун сайн бичээтэй буй тул би зүгээр өөртөө төрсөн сэтгэгдэлийг л товчхоон бичье.

Нэг их хурц сүржин үйл явдал байхгүй. Ихэвчлэн л оршуулгын ёслол гараад байна. Гэхдээ надад лав л янз бүрийн юм бодууллаа.

Хүмүүс хайртай хүмүүсээ огт ойлгохгүй, хүслээр нь байлгаж чадахгүй тэгээд нэгэнт бүх юм өнгөрсөний дараа хойноос нь харамсаад байдаг. Тэгдэг байж дээ ингэдэг байж дээ гээд л ....
Нөгөө амьддаа бие биенээ хайрлах тухай, үхнэ гэж яг юу юм бэ? гээд л үзэж байх үедээ бас жигтэйхэн янз бүрийн юм бодож л суулаа.

За тэгээд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн үйл явдал нь аав нь нас барсаны дараа. Аав нь бүр багад нь хаяад явчихсан. Гол дүрийн залуу аавынхаа царайг ч санахгүй, аавыгаа "энэ хорвоо дээрх хамгийн муу аав" гэж ярьдаг. Тэгээд нас барсан гэж сонсоод очтол нь аав цор ганцаараа, хүүгийнхээ өгсөн чулууг атгасан чигээрээ өнгөрчихсөн байдаг.

Хүний амьдарлын тухай, хайрын тухай сонин, сайхан кино байлаа.

2. Presidents last bang

 2005 онд бүтээсэн Солонгос кино. Ер нь бол энэ киног яагаад үзсэн бэ гэхээр БНСУ-ын Ерөнхийлөгч агсан Пак Жөн Хигийн талаар нэг Солонгос залуутай ярилцаж байгаад, энэ хүний тухай нэмэлт хэдэн юм хармаар санагдсан. Тэгээд тэнэж яваад аминд нь халдсан аллагын тухай кино байсан тул үзсэн хэрэг.
Пак Жөн Хи бол яах аргагүй өнөөгийн БНСУ-ын эцэг гэхэд болох хүн л дээ, Солонгосчууд ч өөрсдөө жигтэйхэн хайртай дуртай.
За тэгээд мань хүн цэргийн эргэлтээр төрийн эрх мэдлийг аваад 18 жил засаглажээ.
Гэтэл 1979.10.26-нд түүнийг өөрийнх нь байгуулсан Солонгосын тагнуулын төв газрын дарга буудаж орхисон байдаг.

Кино ердөө л энэ тухай. Тэр өдрийн үйл явдлыг нэг муу дүрсэнд оруулсан юмуу даа. Урлаг уран сайхны хувьд бол байхгүй ээ. Ерөөсөө их хэцүү санагдсан. Харин тэр өдөр яг юу болсон тухай үзье гэвэл яахав харах л юм даа.

3. Season of the Witch

Саяхан нээлтээ хийсэн. Box Office-т гайгүй яваа шинэ кино. Зохиол нтрийн хувьд яахав дээ. Загалмайтны аян дайны үеийн үйл явдалтай. Угаасаа тэр үед нэг хэсэг шулам илрүүлэх ажиллагаа хаа сайгүй явсан шиг байгаа юм. Тэгээд л тэр олон домогны нэгээс сэдэвлэсэн. Нээх сүртэй таалагдаагүй
Кино театрт очиж үзсэн юм болохоор дуу чимээ сүртэй, ядаж цаг тулгуу очоод тасалбар авсан тул хамгийн урд эгнээнд сууж таарсан. Гэнэт гэнэт хөөрхөн цочоох гэж үзнээ. Гол санаа, хэлэх гэсэн юм нь юу ч юм бүү мэд. Ер нь ийм төрлийн кино цаг нөхцөөсөн ажил юмуу даа. Гэхдээ яахав дуу, дүрс, нүүр хувиргалт, эффект, жүжиглэлт гэх мэтээс бол бас таашаал авнаа.