2010-10-28

Намар

Бороотой, цастай, навчтай, нартай, налайсан сайхан намар болж байна. Эртээд хэн, хаана хэлсэн байв даа "Намар хамгийн олон өнгөтэй" гэж. Тэр онож хэлжээ. Улирал бүхэн өөрийн өнгөтэй, учрал бүхэн өөрийн дурсамжтай гэдгийн байна лээ. Гэхдээ намар хамгийн олон өнгөтэй нь юмаа.

Би гэдэг хүн ажил гэрийн хооронд гэлдэрэхээс илүү гаралгүй шахам хорвоогийн шар нар, бор өдрийг өнгөрүүлж байна даа. Гэснээс Фото зураг гэдэг нэг шинэ хоббитой болсон. Одоохондоо чиглүүлэд кноп дарна гэдэг шиг туршлага багатай л байна. Гэхдээ гол нь мэдрэмж чухал юм шиг санагдаад байгаа. Энэ 10 сарын 10-нд Цэцээ гүнрүү аялахдаа хэдэн зураг дарсанаа сүүдэр.ком, ФБ хуудас хоёртоо оруулсын. Зочилсон хүмүүс магтаж урам хайрлаад, гэтэл бас хүмүүс "ханын цаас болгоё, авсан зургаа өгчих" гэж хөөргөөд. Илжиг ачуулах дуртай, эргүү магтуулах дуртай гэгчээр хөөрч алдлаа нэг хэсэг. (Янз бүрийн шүлэг, зүйрлэлийг ёстой нэг тууж алдаж байна даа.)

 За тун чиг товчоор сайхан намар болж байнаа. 

2010-10-07

Уул

Би уулруу ширтэх дуртай. Ялангуяа оргилыг нь. Сүрлэг сайхан байдаг юм.
Байр сууц авахдаа ч тэр, ажлын тасалгаагаа сонгохдоо ч ялгаагүй тавьдаг нэг шалгуур маань "цонхоор шууд уул харагддаг" байх. Хүссэн болгоныг нь биелүүлээд байдаг хорвоо биш юм болохоор сонгоод авсан байрны цонхонд тулгаад байшин барих ч юмуу, эсвэл тас мухар ханаруу харсан цонхтой өрөөнд суухыг алийг тэр гэхэв. Ямартай ч сонголт байгаа бол уулаа л сонгодог.

Хөдөө гадаа явахдаа ч нутгийн уулсыг нь хардаг. Чадвал буудалласан газрынхаа ойр хавийн хамгийн өндөр цэгт гарахыг хичээдэг. Бүүр болохгүй бол ядахдаа ямар нэг гүвээ, даваан дээр нь гарч байж санаа амардаг.
Ганцаараа ч хамаагүй зүгээр л алхчихдаг. Алхаж явахдаа үй олон бодлоо толгойдоо эргэлдүүлж байдаг. Ихэвчлэн ирээдүйгээ мөрөөддөг, заримдаа сайхан дурсамжаа бодож явдаг. Дээшээ мацахдаа хэн нэгний тавиад өгчихсөн бэлэн замаар явахыг тэр бүр хүсдэггүй. Гэхдээ мэдээж хамгийн хүнд бартаатайг нь сонгодоггүй. Өөрийнхөө хүчээр, өөрийнхөө ухаанаар замаа олоод оргилд нь гарахыг эрмэлздэг.

Яах ч гэж ингэж хөлсөө урсгаж явав даа гэх бодол заримдаа толгойд бууж л байдаг. Тэглээ гээд буцъя гэж тэр болгон боддоггүй. Жаахан амарч аваад л дахиад мацдаг. Заримдаа хөлөө зөөж ядаад аажуухан мацдаг, чадал байвал хурдхан гарахыг хичээгээд гүйх шахам хурдалдаг.
Оргилд нь гараад цээж дүүрэн амьсгаа авдаг. Эргэн тойрноо харж, байгалийн сайхныг биширдэг. Чангаар хашхирдаг, заримдаа бодлоо, хүслээ шивнэдэг. Нэг их ажил хийчихсэн юм шиг санаа амардаг. Ихэнхдээ нэг оргилд нь гараад ирэхэд цаана нь дахиад илүү өндөр оргил дүнхийж байгаа харагддаг. Гэхдээ тэр оргилд гарахын тулд дахиад эхнээс нь, бэлээс нь мацах хэрэгтэй байдаг.

Амьдрал ч бас уул юм шиг санагддаг.
Хүмүүс өөр өөрсдийн уулаа сэтгэлдээ төсөөлдөг. Зайсан толгойд гарч үзээгүй байхдаа Эверест төсөөлчихгүй байх нь чухал юм шиг бодогддог. Нэгэнт төсөөлсөн бол хүссэн аргаараа, сонгосон замаараа мацдаг.

Лифтэнд суугаад бушуухан гарчхыг зарим нь хүсдэг. Хэн нэгнээс зуурч аваад замын турш чирэгдэж яваа нь ч байдаг, бартаатай замруу халтираад орчихсон гарч чадахгүй зүдэрч яваатай ч таардаг. Зарим нь замын дундаас өөр уул хараад буцаж яваа харагддаг. Нэг хэсэг нь чадал барагдаад бууж байдаг. Ихэнх нь өөрийнхөө сонгосон замаар өөрийнхөө хүчээр мацдаг. Тэгж мацсан хүн бүр өөр өөрийнхөө оргилд гараасай гэж хүсдэг.

Уулаа бодитой төсөөлөөд, замаа зөв сонгоод, шантралгүй явбал болноо гэж боддог. Оргилдоо заавал гарнаа гэж итгэдэг.