2010-12-28

Imagine

Битлзийг, Жон Ленноныг мэдэхгүй хүн, ялангуяа түүний Imagine хэмээх энэ дууг сонсоогүй хүн дэлхий дээр ховор байхаа гэж бодож явтал бас их байдаг юм байнаа. Байх байхдаа бүүр мэддэг нь цөөнх болчихдог бүлэгт яваад орчихлоо. Гайхалтай.
Мэдээж мэдээгүй нь тэдний буруу биш ээ.

Жон Леннон энэ дуугаа 1971 онд зохиож анх дуулсан. Мэдээж тэр дорхноо л хит парадад тэргүүлсэн бөгөөд дэлхийд алдартай хөгжмийн сэтгүүл болох Rolling Stone -ээс 2004 онд гаргасан "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу"-ны жагсаалтад 3-р байр эзэлжээ.

Энэ дуунд энхтайван, хүн хүнээ ялгаварлан гадуурхах, мөлжих, хөнөөхийн эсрэг үзэл санаа шингэсэн гэж би хувьдаа ойлгодог. Түүний мөрөөдөж, төсөөлж байсан тэр нийгэм бий болох болоогүй байх, гэхдээ бүгд итгэж, төсөөлж байхад тийм цаг ирнээ.
Тэрээр ямар ч аллага хүчирхийлэлгүй нийгмийг мөрөөдөж дуулсан. Гэвч хувь заяаны шоглоом ч гэх юмуу, ердөө есхөн жилийн дараа зүгээр л нэрд гарахыг хүссэн нэг солиот түүнийг нохой шиг буудаж орхисон. Гэхдээ мэдээж түүний бүтээлүүд нь, тэр өөрөө ч амьд юм шиг л гялалзаж яваа.

Би бол дууг сонсохдоо амрах, тайвшрах гэж сонсдог гэх юмуу даа. Тэхээр нил хараал урсгаад, эсвэл "би дөнгөж сая бэлгийн ажил хийлээ" гэх мэтийн хэт ахуйруу орсон юм сонсохоор нэг л тиймхэн байдаг. Гэхдээ хааяа бас сонсноо сонсоно.
Мэдээж хүн болгон над шиг байх албагүй, дандаа л сайн сайхан юмыг сайн сайхан үгээр дуулж байх ч албагүй, энэ чинь чөлөөт нийгэм шүү дээ.

Imagine бол сайхан аятай, сайхан үгтэй, сайхан агуулгатай, сайхан ч дуулсан, сайн дуу. Миний аялах, сонсох дуртай дуунуудын минь нэг.

За ингээд дуртай дуугаа орчуулах гэж оролдсоноо доор орууллаа. Санаа оноо байвал хэлээрэй. Анх удаа л дууны шүлэг орчуулж байна. Мэдээж буруу зөрүү юм байж л таараа. Тэгээд мэдээж сонсоорой.






Imagine
Imagine there's no Heaven
It's easy if you try
No hell below us
Above us only sky
Imagine all the people
Living for today

Imagine there's no countries
It isn't hard to do
Nothing to kill or die for
And no religion too
Imagine all the people
Living life in peace

You may say that I'm a dreamer
But I'm not the only one
I hope someday you'll join us
And the world will be as one

Imagine no possessions
I wonder if you can
No need for greed or hunger
A brotherhood of man
Imagine all the people
Sharing all the world

You may say that I'm a dreamer
But I'm not the only one
I hope someday you'll join us
And the world will live as one

Төсөөлөл
Тэнд ямар ч бурхадгүй гээд төсөөлдөө
Оролдоод үзвэл амархан шүү дээ
Доор ямар ч там байхгүй
Дээр зөвхөн тэнгэр л бий
Хүмүүсээ бүгд төсөөлөөрэй
Өнөөдрийн төлөө л амьдрана гээд

Тэнд ямар ч улс байхгүй
Тийм ч хэцүү биш шүү дээ
Ямарч аллага эсвэл үхэл байхгүй
Ямар ч шашин бас байхгүй
Хүмүүсээ бүгд төсөөлөөрэй
Тайван амьдралд амьдрана гээд

Намайг чи мөрөөдөгч гэх байх
Гэхдээ би ганцаараа биш
Хэзээ нэгэн өдөр чи ч бас бидэнтэй нэгднээ
Хорвоо дэлхий тэгээд нэг юм шиг л болно

Хөрөнгө хогшил байхгүй гээд төсөөлдөө
Хэрвээ тэгж чадвал үнэхээр гайхалтайяа
Ховдог сэтгэл, өлсгөлөн аль нь ч хэрэггүй
Хүмүүс хоорондоо нөхөрлөөд л
Хүмүүсээ бүгд төсөөлөөрэй
Бүх дэлхийгээрээ хамтдаа гээд

Намайг чи мөрөөдөгч гэх байх
Гэхдээ би ганцаараа биш
Хэзээ нэгэн өдөр чи ч бас бидэнтэй нэгднээ
Хорвоо дэлхий тэгээд нэг юм шиг л болно

2010-10-28

Намар

Бороотой, цастай, навчтай, нартай, налайсан сайхан намар болж байна. Эртээд хэн, хаана хэлсэн байв даа "Намар хамгийн олон өнгөтэй" гэж. Тэр онож хэлжээ. Улирал бүхэн өөрийн өнгөтэй, учрал бүхэн өөрийн дурсамжтай гэдгийн байна лээ. Гэхдээ намар хамгийн олон өнгөтэй нь юмаа.

Би гэдэг хүн ажил гэрийн хооронд гэлдэрэхээс илүү гаралгүй шахам хорвоогийн шар нар, бор өдрийг өнгөрүүлж байна даа. Гэснээс Фото зураг гэдэг нэг шинэ хоббитой болсон. Одоохондоо чиглүүлэд кноп дарна гэдэг шиг туршлага багатай л байна. Гэхдээ гол нь мэдрэмж чухал юм шиг санагдаад байгаа. Энэ 10 сарын 10-нд Цэцээ гүнрүү аялахдаа хэдэн зураг дарсанаа сүүдэр.ком, ФБ хуудас хоёртоо оруулсын. Зочилсон хүмүүс магтаж урам хайрлаад, гэтэл бас хүмүүс "ханын цаас болгоё, авсан зургаа өгчих" гэж хөөргөөд. Илжиг ачуулах дуртай, эргүү магтуулах дуртай гэгчээр хөөрч алдлаа нэг хэсэг. (Янз бүрийн шүлэг, зүйрлэлийг ёстой нэг тууж алдаж байна даа.)

 За тун чиг товчоор сайхан намар болж байнаа. 

2010-10-07

Уул

Би уулруу ширтэх дуртай. Ялангуяа оргилыг нь. Сүрлэг сайхан байдаг юм.
Байр сууц авахдаа ч тэр, ажлын тасалгаагаа сонгохдоо ч ялгаагүй тавьдаг нэг шалгуур маань "цонхоор шууд уул харагддаг" байх. Хүссэн болгоныг нь биелүүлээд байдаг хорвоо биш юм болохоор сонгоод авсан байрны цонхонд тулгаад байшин барих ч юмуу, эсвэл тас мухар ханаруу харсан цонхтой өрөөнд суухыг алийг тэр гэхэв. Ямартай ч сонголт байгаа бол уулаа л сонгодог.

Хөдөө гадаа явахдаа ч нутгийн уулсыг нь хардаг. Чадвал буудалласан газрынхаа ойр хавийн хамгийн өндөр цэгт гарахыг хичээдэг. Бүүр болохгүй бол ядахдаа ямар нэг гүвээ, даваан дээр нь гарч байж санаа амардаг.
Ганцаараа ч хамаагүй зүгээр л алхчихдаг. Алхаж явахдаа үй олон бодлоо толгойдоо эргэлдүүлж байдаг. Ихэвчлэн ирээдүйгээ мөрөөддөг, заримдаа сайхан дурсамжаа бодож явдаг. Дээшээ мацахдаа хэн нэгний тавиад өгчихсөн бэлэн замаар явахыг тэр бүр хүсдэггүй. Гэхдээ мэдээж хамгийн хүнд бартаатайг нь сонгодоггүй. Өөрийнхөө хүчээр, өөрийнхөө ухаанаар замаа олоод оргилд нь гарахыг эрмэлздэг.

Яах ч гэж ингэж хөлсөө урсгаж явав даа гэх бодол заримдаа толгойд бууж л байдаг. Тэглээ гээд буцъя гэж тэр болгон боддоггүй. Жаахан амарч аваад л дахиад мацдаг. Заримдаа хөлөө зөөж ядаад аажуухан мацдаг, чадал байвал хурдхан гарахыг хичээгээд гүйх шахам хурдалдаг.
Оргилд нь гараад цээж дүүрэн амьсгаа авдаг. Эргэн тойрноо харж, байгалийн сайхныг биширдэг. Чангаар хашхирдаг, заримдаа бодлоо, хүслээ шивнэдэг. Нэг их ажил хийчихсэн юм шиг санаа амардаг. Ихэнхдээ нэг оргилд нь гараад ирэхэд цаана нь дахиад илүү өндөр оргил дүнхийж байгаа харагддаг. Гэхдээ тэр оргилд гарахын тулд дахиад эхнээс нь, бэлээс нь мацах хэрэгтэй байдаг.

Амьдрал ч бас уул юм шиг санагддаг.
Хүмүүс өөр өөрсдийн уулаа сэтгэлдээ төсөөлдөг. Зайсан толгойд гарч үзээгүй байхдаа Эверест төсөөлчихгүй байх нь чухал юм шиг бодогддог. Нэгэнт төсөөлсөн бол хүссэн аргаараа, сонгосон замаараа мацдаг.

Лифтэнд суугаад бушуухан гарчхыг зарим нь хүсдэг. Хэн нэгнээс зуурч аваад замын турш чирэгдэж яваа нь ч байдаг, бартаатай замруу халтираад орчихсон гарч чадахгүй зүдэрч яваатай ч таардаг. Зарим нь замын дундаас өөр уул хараад буцаж яваа харагддаг. Нэг хэсэг нь чадал барагдаад бууж байдаг. Ихэнх нь өөрийнхөө сонгосон замаар өөрийнхөө хүчээр мацдаг. Тэгж мацсан хүн бүр өөр өөрийнхөө оргилд гараасай гэж хүсдэг.

Уулаа бодитой төсөөлөөд, замаа зөв сонгоод, шантралгүй явбал болноо гэж боддог. Оргилдоо заавал гарнаа гэж итгэдэг.

2010-07-21

энэ одоо юу ч юм дээ

За за нээх их юм бичмээр байгаа боловч яг юу бичих гээд байгаагаа ч мэдкү байна. Яашиг зүгээр хөгжим сонсоод сентимэнталдаад байжийя.

2010-03-19

Шинийн гуравны мэнд


Монгол улсад зэвсэгт хүчин байгуулагдсаны ойн баярын шинийн 3-ны мэндийг дэвшүүлье. Цагаан сарын шинийн нэгэн нь хүртэл хоёр удаа тохиодог болчихоор араас нь залгасан олон баярыг гомдоохгүйн тулд бас олон өдөр тэмдэглэх хэрэгтэй болдог шиг байнаа даа.
Залуус маань 3-р сарын 18 –ныг нижгэр тэмдэглэх юмөө. Дээр нь хөөргөөд ч байгаа юм шиг, шоглоод ч байгаа юм шиг янз бүрийн үгтэй мэндчилгээнүүд мессенжерээр их цацагдах юм. 3-р сарын 8-нд цэцэг, 18 –нд архи сайн зарагддаг нь шууд харагдаж байна лээ. Харах царайны 18 ч хүрээгүй юмнууд хажуугаар нь согтуу сагсалзаад байхаар цэрэг армид насаараа зүтгэсэн, бүүр ядаж л цэргийн алба хаасан ах нарт сонин л харагддаг байх даа.
Бас нэг юм нь эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр хоёр хоорондоо ойрхон болдог болохоор барьцаж байгаа ч юмшиг, эсвэл хариу нэхээд байгаа ч юм шиг хоёр дахь баярын агуулга нь шог болчих юм. Гээд ямар өдрийг нь өөрчлөлтэй биш дээ. Уг нь ойн хувьд, 89 жилийн өмнөх тэр өдөр болсон үйл явдлыг нь бодвол тэмдэглэхээс ч аргагүй сайхан өдөр л дөө. Гэхдээ энэ “Зэвсэгт хүчний 89 жилийн ой” гэдэг нэр лав нэг л бишээ. Энэ тухай Баатархуяг ах хангалттай бичсэн тул би илүүц биз.
За одоо гол асуудал буюу “2005 оны намарын тэр 30 хоногт хамт алба хаасан” залуу офицерууддаа баярын мэнд дэвшүүлээд, дуулаад алхдаг байсан жагсаалын дуунаасаа нэгийг орууллаа. “Бүхээгтэй ногоон машинаараа Бүрэнхий үдшээр хаачих нь вээ хөө”



Дээр нь Монголын бүх сайхан эрчүүддээ зориулаад дуучин Долгорын “Эр хүн” гэдэг дууг бас оруулчья гэтэл видео нь олдсонгүй. “Би Монгол эр хүн” гэдэг дуу бол олдож байна. Гэхдээ өөрийгөө тэгж магтаж байхаар эмэгтэй хүнээр магтуулсан нь дээр биз тээ. Долгор гуайн дуунд гардаг шиг “Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг, Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй” байгаарай.

2010-02-25

Хүүхдийн дуу

Хөөрхөн дуунууд шүү.

Энэ дууны үгэнд жоохон тайлбар хийх гэснээ больчлоо. Хүүхдийн дуу юм байж бас марзаан.



2010-02-19

Олон нийтийн газар унгах нь хүний эрхтэй холбоотой юу буюу нийтийн эрх ашиг

Ингээд жоохон дэмийрчүүл хүмүүс загнаад эхэлдэг юм болов уу яадын бол.

Унгас нь хүний цусны даралтын түвшинг зохицуулах үүрэгтэй байдаг гэнэ [1]. Тэхээр цусны даралтаа зохицуулах гээд гэдсэнд хуримтлагдсан хийгээ гаргаж байхад нь хамаагүй ялгаруулж болохгүй гээд байх нь хүний эрхэнд халдаад ч байгаа юм шиг. Гэлээ гээд автобус унаа, цахилгаан шат, үзвэрийн газар гээд олон нийтийн газар хорт хий ялгаруулаад байх нь бас бусдын эрхэнд халдаад байгаа л юм даа. Учир нь хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдгийг бодвол яах ч аргагүй хүний эрхтэй холбоотой ноцтой асуудал байгааз. Ингээд бодохоор ардчилал чи ихээхэн зөрчилтэй эд байна шүү.

За ингээд бусад хүний эрх, миний эрх гээд яривал янз бүрийн л юм байна. Би яг оюутны хотхонд байрлалтай орон сууцны нэг давхарт амьдардаг юм. Манай доор подвалд нэг биллиардны газар, хэд алхаад караоке бий. Чөлөөт цагаараа дуулж хуурдах, ясан шаариг мөргөлдүүлэх сайхан л даа. Гэхдээ шөнө оройн цагаар, согтуу хөлчүү үедээ, дээр нь зодолдож нүдэлдэж зугаацаад байхаар хүний эрхэнд, ялангуяа миний эрхэнд халдаад л байгаа юм даа. Хээр талд бол яахав уулын цаана байгаа айлд юу ч сонсогдохгүй. Хотод бол өөр баймаар.

Нийтийн дуу хит боллоо, хотынхон гадаадад гарч хөдөөнийхөн орыг нь эзэллээ, хотын соёл устлаа гэсэн яриа "юм бүхэн үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна" гэдэг шиг их моод болсон юмуу даа. Хөдөөд амьдрал хүнд байгаа юм чинь ирэлгүй л яахав, суурьшилгүй л яахав. Одоо энэ зуд турханд хамаг малаа барсан юм чинь бүүр их олноороо хот бараадах биз. Энэ их шилжин ирэгсдийг одоо яах вэ гэвэл хүмүүжүүлэх л хэрэгтэй байх даа.

Хотод амьдарна гэдэг чинь нийтийн өмнө хариуцлага хүлээхийн нэр гэдгийг лекц уншаад бол ойлгуулахгүй биз. Харин оронд нь их хотын иргэн ийм байдаг юмаа гээд үлгэрлэвэл яадын бол.
За хөө ингээд үлгэр дуурайл болоход хэрэг болж мэднэ гээд гудамжинд биеэ хэрхэн авч явах тухай бяцхан зөвлөмж олсноо оруулчихъя даа. (Орчуулга нь ихээхэн болхи тул эхлээд хүлцэл өчсү.)


1.Хажуугаараа яваа хүнийг бүү цоо ширт. Хүндэтгэсэн байдлаар хальт харахад л хангалттай.
2.Такси булаацалдаж зогсохын оронд найр тавиад өгчих.
3.Хүүхдийн тэрэг түрж яваа бол баруун гар талаа барьж яв.
4.Охидод харц бүү чулууд.
5.Хотын төвд скэйтбоардоор гулгах тухай бодох ч хэрэггүй.
6.Танаас бусад нь нохойд чинь тийм ч дуртай байхгүй л болов уу.
7.Та 6 нас хүрсэн л бол явган хүний замаар дугуй унахаа болих хэрэгтэй.
8.Явган зорчигчид ч бас дам тамхидалтад хорддог гэдгийг сана.

2010-02-11

11010 нас

Зиа өнөөдөр хоёртын системээр бол 11010 нас хүрлээ. Энэ их хугацаанд юу эсийг амжуулсан гэхэв дээ. Цаана нь хийх, бүтээх юм тэрнээсээ их байна. Заримыг нь хийгээд, заримыг нь зүгээр л бодоод байдаг. Энэ их бодож байгаа зүйлсээ гүйцээх талаар алхам хийхгүй бол нэг л их бодолд дарагдсан хүн болчихвол бас хэцүү яа.
Ер нь тэгээд Цэгмээгийн бичсэн шиг аль болох өөрийгөө комфорт зонд оруулчихгүй юмсан гэж байнга шахуу л бодохын. Гэхдээ бас хүн болж төрсөнийх тав тухтай орчинд, тайван амьдархыг ч хүсэх л юм даа кк.
Бодохнээ хийж байгаа ажил маань нэг ёсны комфорт зон ч юмшиг, нэг бол сорилт ч юм шиг. Заримдаа өөрийгөө ч ойлгохоо байх юм даа.
Ажил гэдэг арьс элдэж байгаа юм шиг хүнийг элддэг юм. Зарим нь урагдаж салбараад дуусдаг, зарим нь улам сунаад, томроод ирдэг. Аяндаа л харагддаг юм даа гэж нэг хүндэлж явдаг ах маань хэлж байж билээ.
С.Батболд сайдыг хараад байхад тэр үнэн үг юм шиг. Мань хүн Ерөнхий сайдын суудалд суугаад 100 хонож байгаа юмуу даа. Энүүхэн хооронд олон юм эхлүүлчихэж. Лидершип нь улам л товойгоод байгаа санагдана.

Хорьж болдоггүй хорин хэдтэй, нас залуу, цус шингэн байна. Хийх ажил, сорилт их байна, хүсэл мөрөөдөл дүүрэн байна.
Тэрнээс гадна энэ завшааныг ашиглаад Ерөнхий сайддаа амжилт хүсч, бид хамтдаа чаднаа гэчүүл яадын бол.