2008-11-03

Зурагт үзэхэд

Амралтын хоёр хоног бүтэн гэртээ суугаад зурагтаа ширтэж өнгөрөөлөө. Хэчнээн ч олон телевизтэй, сэтгүүлч, сурвалжлагчтай болсон юм.

Нэг их хөгшин ч юм шиг намайг бага байхад гэхээр хүн шоолох байх. Гэхдээ л намайг бага ангийн хүүхэд байхад уртаашаа хоёрхон телевизтэй байж билээ. Долооногт нэг удаа одоогийн UBS юм уу даа тэр үеийн Улаанбаатар ТВ гардаг. Тэр нэг өдөр нь бусад өдрүүдээс арай л нэг өөр юм гарна, ялангуяа америк кино гардаг тул үзэх их л дуртай байжээ.

Одоо бол өөр болжээ. Дэлгэцийнхээ дөрөвний нэгд клип гаргаад үлдсэн зайд нь мессеж чат явуулдаг сувгууд лав хоёроос гурав байна. Тэр чатаар нь их сонин сонин мессежүүд урсана. Жишээ нь: “Бүх монголчуудаа танилцъя” эсвэл “11 тэй бой байна эгчмэд бүсгүйтэй танилцана” ч гэж байх шиг. За тэгээд “мэдээ, солонгос сериал, мэдээ солонгос сериал” гэсэн цомхон хөтөлбөртэй том телевиз ч байдаг болжээ.

Монголын телевизүүдийн хөтөлбөрийг харахад мэдээ гол байр суурь эзэлнэ. Мэдээлж байгаа зүйл нь нэг л үйл явдал боловч ямар сувгаар гарч байгаагаас шалтгаалаад мэдээж өөр өөр өнцгөөс харна. Шар сонинд бичсэнийг уншаад байна уу гэмээр мэдээ явуулдаг хөх логотой шар телевиз байна. Инженер мэргэжилтэй 10 жилийн найзаар маань мэдээгээ редакторлуулдаг телевиз ч байна. Өчигдөр үзсэн мэдээнүүдээс МҮТВ, ТВ25, Ийгл, NTV -ийн мэдээнүүд арай чанарлаг байв. Ялангуяа эдийн засгийн хямралын талаар МҮТВ -ийн залуу, 25 -ийн эмэгтэй хоёр бусдаасаа арай илүү мэдээ бэлтгэсэн юм шиг санагдсан.

Мэдээний дараа орох нэвтрүүлгийн сэдэв нь дуу хуур шоу цэнгээн юм болов уу даа . Ёстой ёоз ёозоороо л гарч байна. Клип явуулдаг чат, мэйл, мессеж, skype -аар захиалга авдаг мэндчилгээ, дуучид нь өөрсдөө оролцож алиалдаг янз бүрийн шоу гээд зөндөө л байна. Өчигдөр хальт үзсэнээс МҮТВ -ээр гарсан хувцас загвартай холбоотой Fashion гэв үү (яг нэрийг нь сайн санахгүй нь) нэг нэвтрүүлэг сонин /гажиг ч гэх үү/ санагдав.

Дуучин Сарантуяагийн цүнх, бүснүүдийг ширээн дээр тавьж байгаад өөрөөс нь асууж байна:
Хөтлөгч: Энэ ПҮМА фирмийн цүнх байна, та ер нь ПҮМА -ийн хувцас өмсөх дуртай юу?
Оролцогч: Би 2003 онд Лондонд явж байгаад 70 паундаар нэг кэт авсийн. Найздаа ч бас авсан. Тэгээд сүүлд энд ирээд зурагт үзэж байсан чинь Мадонна яг миний авсантай адил кэт өмсөөд гүйж байгаа харагдсан. Тэхээр нь ВАУВ, би бас л ...
Хөтлөгч: Би ч бас ПҮМА өмсдөг л дөө … яг үг бүрээр нь санахгүй байгаа ч нэг иймэрхүү л яриа болж байгаа харагдсан. Яахав зарим нэгэнд сонирхолтой л байдаг биз, надад бол шал утгагүй санагдсан тул шууд сувгаа солив.

Дараа нь кино гол байр суурь эзэлнэ. Монголын 10 гаруй сувгийн 70 – 80 хувиар бараг нэг сэдэвтэй болов уу гэмээр солонгос сериал гарч байна. Дээхнэ үед хааяа гардаг япон сериал нь арай амттай байж. Ер нь сериал ч бай, кино ч бай МҮТВ, UBS, NTV, TV9 гэсэн дөрвөн сувгаас бусдынх нь орчуулга, дуу оруулсан нь үнэн утгагүй. TV8, TM гэх мэт жижгүүд нь дуунаас гадна дүрс муутай, энд тэндхийн варьз сайтаас татсан нь илт. Өчигдөр үзсэн кинонуудаас МҮТВ -ээр гарсан WALL-E гэж хүүхэлдэйн кино ихээхэн таалагдсан.

Бусад цагийг нь янз бүрийн ярилцлага, асуулт хариултын цэнгээнт нэвтрүүлэг, реклам сурталчилгаагаар дүүргэж байх шиг.

Шинжлэх ухаан, технологийн талын дорвитой нэвтрүүлгээр манай телевизүүд харин ч нэг дутмаг юмаа. Өчигдрийн хувьд МҮТВ -ээр гарсан мэдээллийн технологийн аюулгүй байдлын тухай нэг баримтат киног эс тооцвол энэ талын юм юу ч гараагүй байх.

Амралтын өдөр болохоор тэр талын нэвтрүүлэг гаргадаггүй юм уу гэхээр ажлын өдрүүдэд ч үзэж байснаа санахгүй юм. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлэг үзэгчгүй байна гэж баймгүй юм даа. Арай л хүнд өгөөжтэй баймаарсан.