2008-10-07

Шар Луу Цзяо

15 –р зуун, Хятадын Мин улс сөнөж Манжын эрхшээлд орж байх үеийн Шоа Лины сүмийн 4 лам манжуудад хядуулсан нөхдийнхөө өшөөг авч Мин улсаа сэргээхээр “Гурвын холбоо” хэмээх нууц бүлэг (байгууллага) байгуулж буйгаар зохиол эхэлнэ.

Бүлгийн толгойлогчийг Шар луу, дэд тэргүүнийг Шүтээний сахиул, үзэл санаагаа түгээж элсүүлж ухуулагчийг Цагаан цасан дэвүүр, бүлгийнхнээ хамгаалж, урваж тэрсэлснийг гэсгээгчийг Улаан очир, хэл ус дамжуулах холбоочинг Дэрсэн шаахай гэхчлэн нэрлэдэг.

Энэхүү бүлэг нь өнгө зүсээ хувиргаж чиг зорилгоосоо хазайн 20 -р зууны Сингапурын хамгийн хүчтэй гэмт хэргийн бүлэг болж ахин мэндэлсэн байх аж.

“Гурвын холбоо” Сингапур болон зүүн өмнөд Азийн гэмт хэргийн ертөнцийг бүрэн хянаж, нийгмийн эд эс бүхэнд өөрсдийн хүнээ шургуулан юу хүссэнээ хийнэ.

Сингапурт зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх “Criminal Intelligence Unit” буюу “Си Ай Ю” гэх байгууллага байх боловч өдийг хүртэл Гурвын холбооны эсрэг тэмцэлд нь олигтой үр дүн гараагүй байлаа. Харин дунд болон жижиг хэмжээний хэд хэдэн бүлгийг дарсан нь тэдний ажилтай ч, зарим талаараа өрсөлдөгчөө дарж авах гэсэн гурвын холбооны далд явуулгатай ч холбоотой гэнэ.

“Си Ай Ю” –ийн залуухан боловч чадварлаг мөрдөгч Патрик Ло “Гурвын холбоо” –ны хэргийг мөрдөхөөр томилогдсон нь “Блаканг Мати” хэмээх арлаас учир битүүлэг оршуулгын газар олдохтой давхацсанаар хамаг хэрэг эхэлнэ. Залуу мөрдөгч хэлтсийн дарга Аланг Теонтойгоо хамтран хэргийн халуун мөрөөр орж үй олон ээдрээт асуултын хариуг олох эрэлд гарч хэргийн зангилааг тайлах боловч сүр хүчит “Гурвын холбоо” түүний толгойлогч “Шар Луу” хэнд ч үл дийлдэх ажээ.

А.Левиний зохиол ийм нэг сонирхолтой ном уншлаа. 1980 аад оны дунд үед монгол хэлнээ хэвлэгдэж байсан боловч ямар ч юм шалтгааны улмаас хаагдаж байсан гэнэ. Гэхдээ л манай ааваас эхлээд ажлын маань ах нар гээд тухайн үедээ их л олон хүний хүртээл болж байсан бололтой. Энэ удаа цаг өөр болсон тул арай ч хаагдах тавилан ногдохгүй биз.

Энэ удаад Х.Гунгаажав гэдэг хүний орчуулгаар Сэлэнгэпресс компанийнхан хэвлэжээ. Харин яг нэг сонирхолтой операц явуулж байгаа хэсэг гарах 141/142 дугаар хуудсыг мартаад 187/188 р хуудсыг 2 удаа үдчихсэн байна лээ. Эсвэл миний уншсан хувилбар ч ганц тийм нь байж болох.

Мөнгөний төлөө эх охин хоёроо ч үхэл рүү илгээх шунал, төрсөн дүүгээ янхан болгож, эхийгээ галзууруулаад түүнээ мэдсэн ч үл тоох цэвдэг сэтгэл, хайрлаж байсан хүүхэндээ олны өмнө алгадуулж доромжлуулсныхаа шанг хорь гучин жилийн дараа ч марталгүй авах өширхүү зан, өөрийнхөө нууцыг алдахгүйн тулд эхнэр хүүгээ ч алж орхих хэрцгий авир, эхэлсэн ажлынхаа эцсийг үзэхийн тулд гэр бүлээ ч аюултай ажилдаа татан оруулах залуу мөрдөгчийн арслангийн зориг, гэр бүлтэйгээ амар амгалан амьдарч байгаад тэтгэвэртээ гаръя гэх нас тогтсон даргын айдас гээд хүний үй олон араншинг харуулжээ.

За дээр нь гэмт бүлгийн дотоод зохион байгуулалт, нэг л холбогдсон бол үхэхээс нааш гарч чадахгүй болтлоо зууралдах аалзны торон сүлжээ, магадгүй үнэн ч байж болох хятадын улс төрийн далд бодлого гээд сонин зүйлсээр баялаг ном байна.

Уншиж байх үед монгол маань ийм юманд орчихвол яана даа гэх аймаар бодол заримдаа орж ирж байсан. Надаас өмнө уншсан найзууд маань ч бас бараг байгаа биз гэх маягийн юм ярих гээд байна лээ.

Хэдийгээр уран зохиолын ном боловч судалгаа үнэхээр сайтай, зарим нэг нь бодит үнэнд яг нийцсэн дажгүй ном л гэсэн сэтгэгдэл үлдэж байна даа.

0 сэтгэгдэл: