2008-10-23

Ажил нь амандаа орчихоо юу даа

“Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан …..” тэр ямар жил вэ?
Хүнсний хангамж аюулгүй байдлын жил.


Засгийн газраас 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарласныг бүгд мэдэх биз ээ. Даанч хүсэхэд хясах гэгч болж өнөөх лут нэртэй жил маань дөнгөж эхлээд 1 -р сарын 1 гаруут цуут “Азийн Чоно” -д хордсон эхний хүмүүс хорвоог орхиж байв. За тэгээд Баян-Өлгийд хордсон 100 гаруй хүн, сүүнээс аваад печень, чихэр, шоколаднаас хүртэл илэрч идэх амттангүй болгоод байгаа меламин гээд шил шилээ дарсан хордлого.
Ээлжит хордуулагчаар “SS Club” тодорч сонины нүүр тахалж байна даа.
SS Club -ийн хоолонд хордсоноос болж сүүний үйлдвэрийн ажилчдын тэн хагас нь ажлаа хийхгүй байгаа сурагтай. Энэ хордлого сальмонел гэгч нянгаар халдварласан байж болзошгүй бөгөөд сальмонелоор хордсон хүн өөрөө эдгэсэн ч бусдад халдвар тараадаг гэж Өнөөдөр сонинд ЭМЯ –ны мэргэжилтэн ярьжээ. Тэгэхээр одоо яах болж байна. Сүүний үйлдвэр бүх ажилчдаа шинэчлэхээс нааш тэдний сүү таргийг ууж болохгүй гэсэн үг үү? Өөрсдийн нь хэлдгээр 50 жил чанартай сүүгээр ард түмнээ хангасан нэг компани аюулгүй хүнсээр ард иргэдээ хангах зорилт дэвшүүлсэн жилд нь дампуурах уу бүх ажилтнаа халах уу гэдэгтээ тулж ч байх шиг.
Сүртэй сүртэй уриа дэвшүүлсэн хирнээ тэс хөндлөн үр дүн гарсан жишээ дээрхээс аваад зөндөө бий. Заримаас нь тоочвол:
Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, шинэ ажлын байр нэмэгдүүлэх жилд нүдэнд харагдахуйц юу бүтээв, хаана юунд хөрөнгө оруулав тэр нь үр ашгаа өгөх шинж харагдана уу, ажилгүйдэл хэдэн хувиар буурав?
Монголд зочлох жил гэж зарлачхаад Сүхбаатарын талбайгаа тойруулаад хашаа хатгаж байхын оронд засчхаад урихаар тайлагнах юмгүй болчих гээд байсан юм болов уу?
Сонгуульд орохдоо Таны төлөө тантай хамт гэчхээд засаг барихаараа хүнд суртал, авилгыг цэцэглүүлээд ард түмнээсээ тасраад байсныг нь амтай болгон ярьдаг шүү дээ.
40 мянган айлын орон сууц гэж санаа нь сайхан хөтөлбөр батлаад 4 жил болж байгаа боловч хөтөлбөрийн хүрээнд барьсан байшин одоо байна уу?
Энэ их сүртэй уриа лоозонгуудаа дүгнээд оны эцэст бөөн тоо баримтаар дүүрсэн тайлан майлан гэж сүйд болно.
Ер нь хөдөө гадааны ч юм уу мэдээллээс хол байсан хүн уншвал еэ базарваань ёстой нэг баллаж тавьжээ гэмээр.
Яг амьдралд нялзах үр дүнг нь харахаар ажил нь алгын чинээ тайлан нь талын чинээ болчихжээ гэж бодогдохоор.
Манай ажил, төлөвлөгөө хоёр тусдаа юм шүү дээ, ер нь төлөвлөгөө цаас нь дээр л биелдэг болохоос амьдралд биелдэггүй юм, аль коммунизмын үед л тийм байсан одоо ч хэвээрээ гэж насаараа төрд зүтгэсэн танил ах хэлж билээ.
Заавал уриа лоозонгоор тархи угааж, тоо тайлангаар нүд хуурч байх нь хэн нэг хэсэг бүлэг этгээдэд ашигтай л байдаг байх даа.

2008-10-22

Бид ингэхэд хэн юм бэ?

Өнгөрсөн долооногт судлаач, дипломатч Д.Баярхүү гуайн “Бид ингэхэд хэн юм бэ?” хэмээх нийтлэлийн номыг уншлаа. Бид урьд нь ямар нийгэмд амьдарч байв, одоо энэ дэлхийн хаахна явна, олиг муутай яваа маань юунаас болов, яаж хөгжих вэ гэх мэт сэдвүүдээр бичсэн нийтлэлүүдээ эмхтгэж ном болгожээ.

Зохиогчийн өөрийн нь хэлснээр: ... Буруугийн, муугийн нэлээдгүй, магадгүй дийлэнх хувийг “МОНГОЛ ХҮН” та өөрөө л үүрэх ёстой учир нь “Чиний амьдралыг Чи л авч явна. Чиний амьдралыг чамаас өөр хэн ч авч явахгүй!” гэсэн логик л энэ номыг түүнээр бичүүлж дөнгөсөн гэнэ.

Номыг уншиж байх үед “бид нээрэн яана даа” гэмээр, зарим үед “Монголд ер нь болж бүтэж байгаа юм нэг алгаа” гэж бодогдохоор зүйлүүд тааралдана. Гэхдээ л ерөнхийдөө манай нийгэмд болж байгаа зүйлсийн талаар бичсэн байна лээ.

Энэ их дуу хуур, найр цэнгэл, одон медаль, их дээд сургууль, доктор профессорууд биднийг хааш нь чирээд байна вэ?, тэгээд бид яаж хөгжих вэ? гэдэгт хариулж мэдлэгт суурилсан эдийн засаг л бидний гарц шүү дээ гэсэн өөрийнхөө санааг оруулсан байна. Гэтэл бидний сонгосон их хурлын аваргууд маань эсрэгээрээ аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын 2 тэрбум төгрөгөө харамлаад ямаанд 30 аар нь өгч байгааг харахаар бид хэн бэ гэдэг нь тодроод ч байх шиг.

Зохиогчийн тухайд сайн судлаач, цөөхөн байдаг мэргэшсэн дипломатчдын нэг, геополитикч (ахын маань хэлснээр монголдоо ганц) гэдгийг нь мэдэх болохоос энд тэнд тамхи зөөгөөд гүйж явна гэж сонсоогүй, УИХ –д нэр дэвшээд эсвэл сайд болоод харайлгаж явахыг нь мэдэхгүй юм. Ер нь зүгээр хүн юм болов уу боддог гэх үү дээ.
Номын төгсгөлд зохиогч Монгол хүний олонхын төрхийг өөрийнхөөрөө тодорхойлсон байна. Үүнд:
  1. Хэзээ ч үл ичих
  2. Нэгэн биеэ хэзээ ч үл голох
  3. Өөрөөсөө бусдыг хэзээ ч үл зөвшөөрөх, бусдыг өрөөсөн дугуйгаа мэт ямагт бодох
  4. Гандан бууршгүй атаархагч
  5. Ямар ч бусармаг муу муухайг мартаж, бас уучилж чаддаг
  6. Хэзээ ч буруугаа үл хүлээх, ямагт өөрийгөө зөвтгөх
  7. Гандан бууршгүй горьдомхой, гэхдээ горьдлого нь ямагт хохь болдог
Гэсэн байгаа юм даа. За ер нь энэ номыг уншихад зүгээр дээ.

2008-10-07

Шар Луу Цзяо

15 –р зуун, Хятадын Мин улс сөнөж Манжын эрхшээлд орж байх үеийн Шоа Лины сүмийн 4 лам манжуудад хядуулсан нөхдийнхөө өшөөг авч Мин улсаа сэргээхээр “Гурвын холбоо” хэмээх нууц бүлэг (байгууллага) байгуулж буйгаар зохиол эхэлнэ.

Бүлгийн толгойлогчийг Шар луу, дэд тэргүүнийг Шүтээний сахиул, үзэл санаагаа түгээж элсүүлж ухуулагчийг Цагаан цасан дэвүүр, бүлгийнхнээ хамгаалж, урваж тэрсэлснийг гэсгээгчийг Улаан очир, хэл ус дамжуулах холбоочинг Дэрсэн шаахай гэхчлэн нэрлэдэг.

Энэхүү бүлэг нь өнгө зүсээ хувиргаж чиг зорилгоосоо хазайн 20 -р зууны Сингапурын хамгийн хүчтэй гэмт хэргийн бүлэг болж ахин мэндэлсэн байх аж.

“Гурвын холбоо” Сингапур болон зүүн өмнөд Азийн гэмт хэргийн ертөнцийг бүрэн хянаж, нийгмийн эд эс бүхэнд өөрсдийн хүнээ шургуулан юу хүссэнээ хийнэ.

Сингапурт зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх “Criminal Intelligence Unit” буюу “Си Ай Ю” гэх байгууллага байх боловч өдийг хүртэл Гурвын холбооны эсрэг тэмцэлд нь олигтой үр дүн гараагүй байлаа. Харин дунд болон жижиг хэмжээний хэд хэдэн бүлгийг дарсан нь тэдний ажилтай ч, зарим талаараа өрсөлдөгчөө дарж авах гэсэн гурвын холбооны далд явуулгатай ч холбоотой гэнэ.

“Си Ай Ю” –ийн залуухан боловч чадварлаг мөрдөгч Патрик Ло “Гурвын холбоо” –ны хэргийг мөрдөхөөр томилогдсон нь “Блаканг Мати” хэмээх арлаас учир битүүлэг оршуулгын газар олдохтой давхацсанаар хамаг хэрэг эхэлнэ. Залуу мөрдөгч хэлтсийн дарга Аланг Теонтойгоо хамтран хэргийн халуун мөрөөр орж үй олон ээдрээт асуултын хариуг олох эрэлд гарч хэргийн зангилааг тайлах боловч сүр хүчит “Гурвын холбоо” түүний толгойлогч “Шар Луу” хэнд ч үл дийлдэх ажээ.

А.Левиний зохиол ийм нэг сонирхолтой ном уншлаа. 1980 аад оны дунд үед монгол хэлнээ хэвлэгдэж байсан боловч ямар ч юм шалтгааны улмаас хаагдаж байсан гэнэ. Гэхдээ л манай ааваас эхлээд ажлын маань ах нар гээд тухайн үедээ их л олон хүний хүртээл болж байсан бололтой. Энэ удаа цаг өөр болсон тул арай ч хаагдах тавилан ногдохгүй биз.

Энэ удаад Х.Гунгаажав гэдэг хүний орчуулгаар Сэлэнгэпресс компанийнхан хэвлэжээ. Харин яг нэг сонирхолтой операц явуулж байгаа хэсэг гарах 141/142 дугаар хуудсыг мартаад 187/188 р хуудсыг 2 удаа үдчихсэн байна лээ. Эсвэл миний уншсан хувилбар ч ганц тийм нь байж болох.

Мөнгөний төлөө эх охин хоёроо ч үхэл рүү илгээх шунал, төрсөн дүүгээ янхан болгож, эхийгээ галзууруулаад түүнээ мэдсэн ч үл тоох цэвдэг сэтгэл, хайрлаж байсан хүүхэндээ олны өмнө алгадуулж доромжлуулсныхаа шанг хорь гучин жилийн дараа ч марталгүй авах өширхүү зан, өөрийнхөө нууцыг алдахгүйн тулд эхнэр хүүгээ ч алж орхих хэрцгий авир, эхэлсэн ажлынхаа эцсийг үзэхийн тулд гэр бүлээ ч аюултай ажилдаа татан оруулах залуу мөрдөгчийн арслангийн зориг, гэр бүлтэйгээ амар амгалан амьдарч байгаад тэтгэвэртээ гаръя гэх нас тогтсон даргын айдас гээд хүний үй олон араншинг харуулжээ.

За дээр нь гэмт бүлгийн дотоод зохион байгуулалт, нэг л холбогдсон бол үхэхээс нааш гарч чадахгүй болтлоо зууралдах аалзны торон сүлжээ, магадгүй үнэн ч байж болох хятадын улс төрийн далд бодлого гээд сонин зүйлсээр баялаг ном байна.

Уншиж байх үед монгол маань ийм юманд орчихвол яана даа гэх аймаар бодол заримдаа орж ирж байсан. Надаас өмнө уншсан найзууд маань ч бас бараг байгаа биз гэх маягийн юм ярих гээд байна лээ.

Хэдийгээр уран зохиолын ном боловч судалгаа үнэхээр сайтай, зарим нэг нь бодит үнэнд яг нийцсэн дажгүй ном л гэсэн сэтгэгдэл үлдэж байна даа.