2006-08-28

Үнэтэй боловсрол

Өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал их зарим их сургуулиудын төлбөр нэмэгдсэн явдал байлаа. Цашдаа ч бас хэсэгтээ анхаарлын төвд байх биз. ШУТИС ийн оюутны холбоо болон удирдлагууд нь ээлж дараалан мэдэгдэл хийж өөр өөрсдийн тайлбарыг өгч байна. Эдний төлбөр урьд жилүүдийнхээс бараг 2 дахин нэмэгдсэн байна лээ.
Зуны гурван сар жалгаар нэг тарж, хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж наадсан хүмүүс оюутан хүүхэд нь төлбөрөө нэхээд ирэх үед цус харвах шахав. Арга ч үгүй биз. Энэ янзаараа удвал жагсаал хийх шалтаг нэгээр нэмэгдэнэ гэж айсан уу яасан ерөнхий сайд яаран сандран сургуулиудаар гүйж төлбөр нэмсэн нь бодлогогүй алхам болсон гэж ярив.

Боловсрол үнэтэй байх ёстой гэж би хувьдаа боддог юм. Үнэтэй байж гэмээнэ сурч байгаа нөхдүүд хаана байгаагаа, яах гэж сурч байгаагаа мэдэрнэ. Угаас үнэгүй юм хүндгүй гэж хүмүүс ярьдаг.
Төрийн сангийн зээл ч юмуу нэн ядуу айлын хүүхэд гэх мэт хавтгайрсан тэтгэлэгт хамрагдсан зарим нэг оюутан үнэхээр харамсам байдалтай сурч байдгийг оюутны ширээнээс босоод нэг жил болж байгаа би мэдэх юмдаг. Тэтгэлэг гэснээс эцэг эх нь хаана ажилладагаас эсвэл баян ядуугаар нь ялгаж байхын оронд хэн илүү сурч байна, хэнд нь илүү бодитой зорилго байна гэдгээр нь ялгаж тэтгэлэг олгож байвал дээр санагддаг юм.
Үнэнийг хэлэхэд монголд сурч байгаа оюутнуудын тэн хагас нь хичээл номноос илүү хөөстэй шар усаа уугаад, гашуун утаагаа баагиулаад гэр сургууль баар гурвын хооронд сажлаад байхыг дээр гэж үздэг гэвэл хилсдэхгүй.
Төлбөр нь өндөр болоод ирэхийн цагт эрх биш хүн юм болохоор нэг бол хичээл номоо хийнэ, эсвэл сургууль соёлоо хаяад хар ажлын мөрөө хөөх биз.
Нэгэнт өөрөө оюутан байхаа больсон болохоор өндөр байсан ч надад хамаагүй гэж байгаа юм биш. Угаас юманд тохирсон үнэ байх ёстой гэж бодож байгаа хэрэг. Насны хоолоо олдгүй юмаа гэхэд зүг чигээ заалгаад авч байгаа их сургуульдаа тодорхой хэмжээний мөнгө зарцуулах л хэрэгтэй.
Гэхдээ бас боловсрол үнэтэй байх ёстой гээд орон сууцны байрны 9 давхарт байдаг 3 багштай 30 оюутантай сургууль сая төгрөг нэхээд байвал утгагүй хэрэг. Тэхээр оюутнууд минь өгсөн мөнгөндөө тохирсон чанар нэхэх хэрэгтэй. Дээр нь өөрөө сурья, мэдье гэсэн чин хүсэл, цаашдаа ер нь хорвоогийн тоосыг яаж хөдөлгөх хүн бэ гэдгээ төсөөлсөн зорилго мөрөөдөлтэй байх хэрэгтэй юм шиг санагдах юм.

2006-08-08

Ном унших сайхаан

Анх удаа ээлжийн амралтаа аваад 3 долоо хоног амарчихаад ирлээ. Амралтын мөнгө гэж хэдэн төгрөг аваад Баабарын "Нүүдэл суудлын" 2 боть, Б.Жаргалсайханы "Хувь тавилангийн эрхшээл" гэсэн номууд авч уншлаа. Аятайхан сайхан номнууд байна.
Ажилдаа орсон чинь шууд цалин өгч байнаа. Уридчилгаа юм байх бодвол.
Тэхээр нь дахиад номын дэлгүүр харайлгалаа.
Зарим нэг хүний блог уншиж байгаад зөвлөсөн номуудыг нь олж унших санаатай хайлаа. Зарим нь олдохгүй шинжтэй юм.
Харин Тулгатын зөвлөсөн "Эрдмийг эрхэмлэх ухаан" ыг авчлаа. Баабар Цэнддоо хоёрын "Зугаатай танин мэдэхүй" дажгүй гэхээр нь хайгаад олсонгүй харин үргэлжлэл нь юм байна "Наргиантай танин мэдэхүй, Хөгжөөнтэй танин мэдэхүй" гэсэн 2 номыг нь авчлаа шүү.
Одооноос болж өгвөл гадаад хэл дээр ном түлхүү унших санаа байна. Сайжруулах гэж ядаж байгаа англи хэлэнд маань ч нэмэртэй биз.