2006-06-13

Шүгэл

Хэдэн жилийн өмнө би нэг сонин дээрээс Бэнжамин Франклины "Шүгэл" гэдэг өгүүллэгийг уншиж байсан юм. Тэр үедээ л надад нилээн сэтгэгдэл төрүүлж билээ. Бодоод байхнээ бид нээрээ л хэрэггүй зүйлд дэндүү их үнэ төлдөг юм шиг ээ. Зарим хүн энэ өгүүллэгийн дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах саналтай байдаг гэнэ лээ.
Та хэрвээ энэ өгүүллэгийг уншиж амжаагүй бол уншаад үзээрэй.

Бенжамин Франклин
ШҮГЭЛ
-Хайрт найзаасаа өнгөрсөн долоо хоногт хоёр захидал хүлээн авлаа. Нэгийг нь лхагва гаригт, нөгөөг нь бямба гаригт. Өнөөдөр дахиад нэг захидал. Эхний захидалд тань хариу бичсэн сэн бол бараг өдрийн нэг захиа авахгүй байсан болов уу гэж санана. Хойрго, дээр нь захидал бичих төдий л дуртай биш боловч таны найрсаг захидалд хариу өгөхгүй байх нь бүдүүлэг явдал болох тул үзгээ аван үнийг бичиж байна. Үүнийхээ өмнө таны захидалыг дахин дахин уншлаа.
“Парадайз” эдлэнгийн байр байдлын тухай болон тэнд очоод хэрхэн суух тухайгаа өгүүлсэн таны захидал миний сэтгэлийг маш их татлаа. Таны шийдвэрийг би үнэн сэтгэлээсээ таашааж байна. Гэхдээ хожим амаа барихгүйн тулд өөрсдийнхөө шүгэлд хэт их үнэ төлөхгүйн тулд бид энэ бүгдийг сайтар тунгаан бодох хэрэгтэй юм шиг. Эл анхааруулгыг үл ойшоосны улмаас олон хүн зол жаргалаа үгүй хийсэн юм шиг надад санагддаг. Та намайг юун шүгэл яриад унав аа хэмээн гайхаж байж магад. Өөрт тохиолдсон нэгэн явдалыг ярьж өгөхийг миь зөвшөөрнө үү. Тэр үед би долоон настай байсан юм. Төрсөн өдрөөр минь найз нарын маань бэлэглэсэн зэс зооснууд халаасанд шаржигнаж байлаа. Тоглоомын дэлгүүрийг зорин алхаж явахдаа хачин сайхан дуутай шүгэл үлээж яваа нэг хүүтэй таарсан юм.
Шүглийн дуу намайг бүрэн эзэмдсэн байлаа. Бүх мөнгөө тэр хүүд өгч, шүглийг нь худалдан авсан билээ. Мэдээж би эхэлж санал тавьсан л даа.
Харьж ирээд шүглээ гэр дүүрэн үлээж, хийсэн наймаандаа тун чиг сэтгэл хангалуун байлаа. Гэвч хэрэг бишидсэн юм. Миний гэнэхэн наймааг мэдсэн ах, эгч нар, үеэлүүд маань шоолон хөхрөлдөж, зохих үнээс нь илүүг төлсөн байна. Чи шүглээс өөр олон гоё юм авч болох байсан гэцгээв. Тэдний тохуурхал намайг гомдоож би шаралхсандаа уйлсан юм.
Гэвч энэ явдал надад насандаа мартамгүй том сургамж болсон билээ. Өөрт онцын хэрэггүй зүйл авмаар санагдсан үедээ “ Шүгэлд ийм их үнэ төлөх хэрэггүй” хэмээн өөртөө хэлж, мөнгөө гамнадаг болсон юм даа.
Алдар нэрэнд шүлэнгэтэн, хайран сайхан цагаа дээдсийн хүлээн авалтад зориулж, зөвхөн үүнд оролцохын тулд амар амгалан амьдрал, эрх чөлөө, зан суртахуунаа, найз нөхдөө зольж байгаа нэгнийг хараад “энэ хүн өөрийн шүгэлдээ дэндүү ихийг зарж байна даа” хэмээн өөртөө хэлдэг юм.
Нэр төрд дуртай өөр нэгэн хувийн амьдралаа зөнд нь хаяж, улс төрийн ээдрээтэй хэрэгт биеэ зориулж байхыг хараад “энэ хүн шүглээ даанч өндөр үнээр авч байна даа” гэж бодох болсон.
Хариг харамч нэгэн хөрөнгө чинээгээ арвитгахын тулд аятай сайхан суухдаа татганан, бусдын сайн сайхны төлөө хуруугаа хөдөлгөхөөс татгалзаж, үерхэл нөхөрлөлөө хүртэл умартаж байгааг мэдэх юм бол “Ядмаг хүн чи шүгэлдээ дэндүү ихийг төлж байна даа” хэмээн өөртөө хэдэг.
Бие махбодын төдий жаргалд хэт автан, хайран сайхан оюун ухаан, зол заяа бүхнээ зөвхөн үүний төлөө зольж байгаа нэгэнтэй таарахаараа “Алдаж байна даа эрхэмээ, аз жаргалын оронд өвчин олж авч байх гэж. Шүгэлдээ дэндүү ихийг төлж байна даа” гэж харамсан боддог болсон.
Баян сайхан амьдралд хэт тачаадан гоёмсог хувцас, үзэмжтэй сайхан байшин, өндөр үнэтэй тавилга, элбэг дэлбэг хангамжийн төлөө азаа үзэн өр тавьж, эцэст нь торны цаана орж байгаа нэгнийг харахаараа “Бурхан минь, энэ хүн шүгэлийнхээ төлөө ихийг, дэндүү ихийг төлж байна даа” гэж хэлдэг юм.
Дүүрэн саран шиг сайхан охин адгийн шаартай суухыг хараад “Бүсгүй минь чи шүгэлдээ ийм ихийг төлөх хэрэггүй байсан юм даа” гэж халаглан өгүүлдэг юм, өөртөө.
Товчхондоо аливаа юмыг зөв үнэлж чадалгүй, шүгэлдээ дэндүү ихийг төлж байгаагаас хүний зовлон үүдэлтэй гэж би боддог.
Тэгэхлээр хонгор Ади минь, надад итгээд бүхнийг дахин нэг эргэцүүлэн бодоорой доо.