2006-12-29

Шинэ оны мэнд хүргэе

Миний өчүүхэн блогоор орж гарч явдаг эрхэм зочиддоо, блоггер андууддаа шинэ жилийн мэнд хүргэе.

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2007 он түглээ.

2006-11-28

Мэдрэлээр нааднаа гэж

Аль ч юм бэ дээ аймаг руу орон нутгийн нислэг хийж явсан онгоцыг барьцаалжээ. Буутай нөхдүүд гарч ирээд доторх хүн амьтаныг нь цохиж зодож бөөн юм болсон юм байх. Нисч явсан нөхдүүд ч мэдээж зүрх нь хагараа л даа. Заримых нь даралт ихсээд хариугүй нөгөө ертөнцрүү явдагын наана харин нөгөө золигнууд чинь терроризмын эсрэг сургууль хийж байсан юм гэж нохойтсон гэнээ. Хүний мэдрэлээр нааднаа гэж.

2006-11-17

Сумочдын хоч

Монголчууд нэг бодлын юманд ажигч гярхай, шооч сэтгэхүй нь гайгүй хөгжсөн улс шиг байгаа юм. Энэ удаад манайхны дунд дэлгэрсэн сумочдын хочуудаас өөрийнхөө мэддэг хэдийг бичичхье.

Хүн чулуу












Гоё хүн чулууны зураг олдсонгүй. Жоохон хажуугаас нь харвал яг дүрээрээ хүн чулуу байгаа юм. Хүчтэй сайн бөх л дөө.
Батбаярын ах












Зодог тайлсан алтан хараацайтай маань тун адилхан нэг хүн бий. Монголчуудын дунд бол Батбаярын ах гэж алдаршсан эр дээ.

Робот



Энэ элдэвтэй нөхөр их олон хочтой. Миний мэдэхээс жүжигчин, робот. Энэ сонин нөхөрийг нас тогтсон эмэгтэйчүүд их өрөвддөг юм шиг байгаа юм. Хөөрхий тэр уначихаад явж байгааг нь гэж ирээд ярьж байсан хүнийг хэд хэд харсан шүү. Би бол дургүй.

За өөр юу байдаг билээ. Нээх их юм шиг байсан чинь ийм л гуравхан юм байдаг байна шүү. За яахав дараа санаанд орвол нэмээд бичнээ.

2006-11-10

Залуусаа, та нар цэрэгт явах уу?

Манай улс жилд хоёр удаа цэрэг татлага явуулна. Одоо цагийн цэргийн алба 1 жилийн хугацаатай. 18 – 25 насны эрүүл саруул эрчүүд заавал хамрагдах ёстой гэж байгаа.
1921 оны хувьсгалаас өмнө хугацаа нь тодорхой биш өөрөөр хэлбэл хэдэн жил ч явж магадгүй, өвөөгийн маань үед 7, аавын маань үед 3, авга ахын маань үед 2 жил байжээ. Харин одоо бол 1 жил болоод байгаа. Өмнөх үетэй харьцуулбал ганц жил гэдэг юу ч биш л дээ. Дээр нь өнөө цагт юу юугүй буу шийдэм үүрээд дайн тулаанд явчихгүй болохоор амь насанд тэгтлээ их аюул занал учраад байхгүй. Гэхдээ л гай болж овилгогүй юмтай нэг анги болж таарвал үхдэггүй юмаа гэхэд өрөөл татанхай буцаж мэднэ. Энэ тухай баталгаатай баримт саяхан ийгл тв -ээр гарч байсныг зарим нь үзсэн байх.
Бүгд их сургууль төгсөх сонирхолтой болсон миний үеийн залуусыг гэнэдүүлж байгаад аваад явна уу гэхээс сайн дураараа явах хүн олно гэж гонж. Тэгэхээр нөгөө алдагдсан үеийнхэн гэдэг шиг шилжилтийн үе таараад сургууль соёлоо хаяж, хөдөө гадаа мал дагасан нөхдүүд, эсвэл хотын лааз өшиглөдөгүүд цэрэгт очиж таарна. Энэ нөхдүүдийн тал хувь нь бичиг үсэг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Бүр цэрэгт очоод анх удаа чихэр идэж үзсэн хүний тухай ч сонсож л байлаа. Нэгэнт аваад ирсэн юм чинь зүгээр хараад байлтай биш эднийгээ иргэншүүлж гарна. Бичиг үсэг заана, хааяа нэг кино ший, тоглолт энэ тэр үзүүлнэ. Сайны хажуугаар саар гэж таних танихгүй офицерийн халтуурт дайчлагдаж барилгын нүх ухахаас авахуулаад элдэв шалдав хар бор ажлыг хуушуурын цалинтай хийнэ. За дээр нь хал цэргийн дэглэлт гэх мэт нь урьд ч байсан гэдэг одоо ч байдаг биз.
Тэгэхээр зарим нэгний хувьд цэргийн алба нэг хэлбэрийн дэвшил болно. Нийтээрээ хоцрогдсон 60 жилийн өмнө цэргийн алба хаасан хүн соёлын үрийг таригч байж. Харин одоо цагт өнгөрсөн үеийн төлөөлөл болно уу гэхээс шинэ юм дуулгахгүй.
Цэрэгт явж эх орноо хамгаал, яваагүй бол эр хүн биш гэж дүрэмдэх нөхдүүд ч мэр сэр таарч мэднэ. Минийхээр бол бичиг үсэггүйчүүдээр армиа бүрдүүлээд эх орноо хамгаалдаг ч гэж юу байхав. Цаана чинь зарим улс бидэнтэй өөр аргаар дайтаад байгаа юм биш үү.
Хаа хамаагүй баагийнуудыг цуглуулж жил хий эргэж байснаас дуртай нэгнийг нь сайн шалгаж аваад ёстой нөгөө цомхон чадварлаг армиа байгуулж суусан нь дээр.
Блогчин андууд юу гэж бодож байна. Та нар ер нь цэрэгт явах уу?

2006-10-12

Вэбийн лого гэнэ үү

Хэд хоног интернэтэд орох байтугай компьютер ч асаалгүй өнжлөө. Сонин гарчиглаж, ном шагайж л өдрийг өнгөрүүлж байлаа. Би ч тэгээд уншиж шалих биш дээ.
Өнөөдөр компьютераа асаагаад блог шалгасан чинь хүмүүс ямар их бичиж байнаа. Монгол блогууд ч үнэхээр их болжээ. Цаашдаа ч нэмэгдэх байх. Хүмүүс ч их уншиж байгаа бололтой юм.
Ер нь монгол блогчид хэд хүрсэн болоо. Миний яг тогтмол feed reader -ээр шалгадаг нь 20 орчим байна. Зүгээр хаяа шагайчихдаг блог гэвэл 100 гарах байх.

Өнөөдөр сонины 2006.10.07 ны дугаарт Хятадад вэбийн лого хэрэглэгчид 17 саяд хүрлээ гэсэн мэдээ гарчээ. Би ч уг нь бараг 5 жил интернэт хэрэглэж байгаа хүн дээ вэбийн лого гэж бас юуг хятадууд сая саяараа хэрэглэдэг болоодох воо гэж бодсоноо вэб лог буюу блогийг хэлээд байгаа юм болов уу гэж ойлгов. Эсвэл вэб сайтдаа тавьсан лого зураг нь юм биш байгаа даа :D гэж бас бодов. Манай хэвлэлийнхэн гэж ....

За юу ч гэсэн энэ жижигхэн мэдээний монгол орчуулгыг доор сийрүүлье. Тун ойлгомжгүй эд байна. Харин англи эх нь: энд байна
-----------------------------------------------------------------------------------------------------

Хятадад вэбийн лого хэрэглэгчид 17 саяд хүрлээ.
Өнөөдөр сонин. 2006.10.07

Хятадын интернэтийн нийгэмлэгээс гаргасан сүүлийн үеийн тоо баримтаар вэбийн лого хэрэглэгчдийн тоо 17,5 саяд хүрсэн тухай “Синьхуа” мэдээллээ.
Вэбийн лого хэрэглэгч 2002 оныхоос 30 дахин өссөн байна. Логог идэвхитэй хэрэглэгч 7,7 сая хувь хүн, албан байгууллага сард ядаж нэг удаа логогоо шинэчилдэг. Энэ оны эцсээр дээрх тоо 10 саяд хүрэх магадлалтай аж.

-----------------------------------------------------------------------------------------------------

2006-09-21

Сүхбаатарын талбай хаана байна?

Өчигдөр орой Сүхбаатарын талбай хаана байдгийг мэддэггүй хүнтэй таардаг юм байна.
Бодвол хөдөөнөөс ирсэн оюутан бололтой юм. Тухайн үедээ инээд хүрээд өнгөрлөө. Дараа нь бодохнээ тэр хүүхдийн буруу ч биш юм байна л даа. Улаанбаатарын замбараагүйтэй л холбоотой юм байна.
Гудамж талбайгаа заасан самбартай болохгүй бол хаана яваагаа ч мэдэхээ болих нь байна шүү. Монгол хүн ингэж байгаа юм чинь гадны жуулчин бол бүүр паг болох нээ.

Манайхан ер нь хаяг гэдийг хэрэглэж заншаагүй улс юм болов уу гэж бас бодогдлоо. Угаасаа талаар нэг тараад тэр уулын хормойд, тэндхийн өвөлжөө гэсэн барагцаалсан хаягтай байсан улс яаж ч хэрэглэхэв. Хаяг гэдэг үг нь ч гэсэн 1950 иад оны үеэс л дэлгэрсэн гэж сонссон. Тэр болтол нэг хэсэг аддрес гэдэг байсан гэнэ лээ.
Хотжил гэдэг юманд ороод бас ч гэж хэдэн жил болж байгаа хирнээ бидний хэрэглэдэг хаяг одоо ч бүрхэг хэвээрээ л байна.
Тэрүүгээр эргээд тэрний баруун талд тийшээ харсан тийм хаалга гэх жишээтэй. Энд тэндгүй шавааруулж барилга барисаар байгаад эргэлт, хазайлт, урд хойно гэсэн үг нь хэдэн жилийн өмнөхөөс улам нэмэгдсэн ч байж магадгүй.
Хаягийн нэгдсэн стандарт төлөвшөөгүй болохоор янз бүрийн салбарт олон асуудалтай тулгардаг сурагтай. Жишээ нь цагдаа нар гэхэд л хүн хайх гэж үйлээ үздэг юм байх.
Энийг цэгцэлдэг баридаг алба нь хаана байдгийн бол доо. Ер нь мэдэж байгаа болов уу?

2006-08-28

Үнэтэй боловсрол

Өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал их зарим их сургуулиудын төлбөр нэмэгдсэн явдал байлаа. Цашдаа ч бас хэсэгтээ анхаарлын төвд байх биз. ШУТИС ийн оюутны холбоо болон удирдлагууд нь ээлж дараалан мэдэгдэл хийж өөр өөрсдийн тайлбарыг өгч байна. Эдний төлбөр урьд жилүүдийнхээс бараг 2 дахин нэмэгдсэн байна лээ.
Зуны гурван сар жалгаар нэг тарж, хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж наадсан хүмүүс оюутан хүүхэд нь төлбөрөө нэхээд ирэх үед цус харвах шахав. Арга ч үгүй биз. Энэ янзаараа удвал жагсаал хийх шалтаг нэгээр нэмэгдэнэ гэж айсан уу яасан ерөнхий сайд яаран сандран сургуулиудаар гүйж төлбөр нэмсэн нь бодлогогүй алхам болсон гэж ярив.

Боловсрол үнэтэй байх ёстой гэж би хувьдаа боддог юм. Үнэтэй байж гэмээнэ сурч байгаа нөхдүүд хаана байгаагаа, яах гэж сурч байгаагаа мэдэрнэ. Угаас үнэгүй юм хүндгүй гэж хүмүүс ярьдаг.
Төрийн сангийн зээл ч юмуу нэн ядуу айлын хүүхэд гэх мэт хавтгайрсан тэтгэлэгт хамрагдсан зарим нэг оюутан үнэхээр харамсам байдалтай сурч байдгийг оюутны ширээнээс босоод нэг жил болж байгаа би мэдэх юмдаг. Тэтгэлэг гэснээс эцэг эх нь хаана ажилладагаас эсвэл баян ядуугаар нь ялгаж байхын оронд хэн илүү сурч байна, хэнд нь илүү бодитой зорилго байна гэдгээр нь ялгаж тэтгэлэг олгож байвал дээр санагддаг юм.
Үнэнийг хэлэхэд монголд сурч байгаа оюутнуудын тэн хагас нь хичээл номноос илүү хөөстэй шар усаа уугаад, гашуун утаагаа баагиулаад гэр сургууль баар гурвын хооронд сажлаад байхыг дээр гэж үздэг гэвэл хилсдэхгүй.
Төлбөр нь өндөр болоод ирэхийн цагт эрх биш хүн юм болохоор нэг бол хичээл номоо хийнэ, эсвэл сургууль соёлоо хаяад хар ажлын мөрөө хөөх биз.
Нэгэнт өөрөө оюутан байхаа больсон болохоор өндөр байсан ч надад хамаагүй гэж байгаа юм биш. Угаас юманд тохирсон үнэ байх ёстой гэж бодож байгаа хэрэг. Насны хоолоо олдгүй юмаа гэхэд зүг чигээ заалгаад авч байгаа их сургуульдаа тодорхой хэмжээний мөнгө зарцуулах л хэрэгтэй.
Гэхдээ бас боловсрол үнэтэй байх ёстой гээд орон сууцны байрны 9 давхарт байдаг 3 багштай 30 оюутантай сургууль сая төгрөг нэхээд байвал утгагүй хэрэг. Тэхээр оюутнууд минь өгсөн мөнгөндөө тохирсон чанар нэхэх хэрэгтэй. Дээр нь өөрөө сурья, мэдье гэсэн чин хүсэл, цаашдаа ер нь хорвоогийн тоосыг яаж хөдөлгөх хүн бэ гэдгээ төсөөлсөн зорилго мөрөөдөлтэй байх хэрэгтэй юм шиг санагдах юм.

2006-08-08

Ном унших сайхаан

Анх удаа ээлжийн амралтаа аваад 3 долоо хоног амарчихаад ирлээ. Амралтын мөнгө гэж хэдэн төгрөг аваад Баабарын "Нүүдэл суудлын" 2 боть, Б.Жаргалсайханы "Хувь тавилангийн эрхшээл" гэсэн номууд авч уншлаа. Аятайхан сайхан номнууд байна.
Ажилдаа орсон чинь шууд цалин өгч байнаа. Уридчилгаа юм байх бодвол.
Тэхээр нь дахиад номын дэлгүүр харайлгалаа.
Зарим нэг хүний блог уншиж байгаад зөвлөсөн номуудыг нь олж унших санаатай хайлаа. Зарим нь олдохгүй шинжтэй юм.
Харин Тулгатын зөвлөсөн "Эрдмийг эрхэмлэх ухаан" ыг авчлаа. Баабар Цэнддоо хоёрын "Зугаатай танин мэдэхүй" дажгүй гэхээр нь хайгаад олсонгүй харин үргэлжлэл нь юм байна "Наргиантай танин мэдэхүй, Хөгжөөнтэй танин мэдэхүй" гэсэн 2 номыг нь авчлаа шүү.
Одооноос болж өгвөл гадаад хэл дээр ном түлхүү унших санаа байна. Сайжруулах гэж ядаж байгаа англи хэлэнд маань ч нэмэртэй биз.

2006-07-05

Шахаа

Дунд сургуульд байхад захирал эсвэл хичээлийн эрхлэгч орж ирээд дууг нь ч бүтэн сонсож үзээгүй хамтлагийн тоглолтын тасалбар, эсвэл хэн нэг танилых нь бичсэн ном, сонин заавал худалдаж ав гэж шахдаг байлаа.
Оюутан болоодохсон чинь хичээл заалгахаар сонгосон багш орж ирээд өөрийнхөө бичсэн номыг заавал ав. Энэ номноос л заана гэнэ, тэгээд шалгалт дөхөөд ирэхээр бас нэг тестийн эмхэтгэл гаргаж ирээд энэ номыг ав. Энэ номноос л шалгалт авна гээд шахдаг байлаа.
Эмнэлэгт нэг үзүүлдэхсэн чинь эмч нэг эмний нэр хэлээд энэ эмийг тэнд байдаг эмийн сангаас ав. Заавал тэндээс ав. Энийг л уувал биенээс чинь цэцэг дэлгэрэнэ гэх маягийн юм яриад хаа сайгүй зардаг сүлжээний эм шахдаг юм байна.
Сар гаруйн өмнө ажил дээрээ байж байтал хэн ч билээ нэг зохиолын дуучны тоглолтын тасалбарыг заавал ав цалингаас чинь суутгана гэж шахдаг юм байна.
Саяхан улсын нэг томоохон үйлдвэрт ажилладаг найзтайгаа ярьж суутал ажил дээр нь "бүх ажилчдийг флаш дискээр хангах хөтөлбөр" хэрэгжээд 256МB ийн флаш дискийг 150$ оор бодож шахсан сураг дуулдав.
Дээр дооргүй шахаа гэж

2006-06-13

Шүгэл

Хэдэн жилийн өмнө би нэг сонин дээрээс Бэнжамин Франклины "Шүгэл" гэдэг өгүүллэгийг уншиж байсан юм. Тэр үедээ л надад нилээн сэтгэгдэл төрүүлж билээ. Бодоод байхнээ бид нээрээ л хэрэггүй зүйлд дэндүү их үнэ төлдөг юм шиг ээ. Зарим хүн энэ өгүүллэгийн дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах саналтай байдаг гэнэ лээ.
Та хэрвээ энэ өгүүллэгийг уншиж амжаагүй бол уншаад үзээрэй.

Бенжамин Франклин
ШҮГЭЛ
-Хайрт найзаасаа өнгөрсөн долоо хоногт хоёр захидал хүлээн авлаа. Нэгийг нь лхагва гаригт, нөгөөг нь бямба гаригт. Өнөөдөр дахиад нэг захидал. Эхний захидалд тань хариу бичсэн сэн бол бараг өдрийн нэг захиа авахгүй байсан болов уу гэж санана. Хойрго, дээр нь захидал бичих төдий л дуртай биш боловч таны найрсаг захидалд хариу өгөхгүй байх нь бүдүүлэг явдал болох тул үзгээ аван үнийг бичиж байна. Үүнийхээ өмнө таны захидалыг дахин дахин уншлаа.
“Парадайз” эдлэнгийн байр байдлын тухай болон тэнд очоод хэрхэн суух тухайгаа өгүүлсэн таны захидал миний сэтгэлийг маш их татлаа. Таны шийдвэрийг би үнэн сэтгэлээсээ таашааж байна. Гэхдээ хожим амаа барихгүйн тулд өөрсдийнхөө шүгэлд хэт их үнэ төлөхгүйн тулд бид энэ бүгдийг сайтар тунгаан бодох хэрэгтэй юм шиг. Эл анхааруулгыг үл ойшоосны улмаас олон хүн зол жаргалаа үгүй хийсэн юм шиг надад санагддаг. Та намайг юун шүгэл яриад унав аа хэмээн гайхаж байж магад. Өөрт тохиолдсон нэгэн явдалыг ярьж өгөхийг миь зөвшөөрнө үү. Тэр үед би долоон настай байсан юм. Төрсөн өдрөөр минь найз нарын маань бэлэглэсэн зэс зооснууд халаасанд шаржигнаж байлаа. Тоглоомын дэлгүүрийг зорин алхаж явахдаа хачин сайхан дуутай шүгэл үлээж яваа нэг хүүтэй таарсан юм.
Шүглийн дуу намайг бүрэн эзэмдсэн байлаа. Бүх мөнгөө тэр хүүд өгч, шүглийг нь худалдан авсан билээ. Мэдээж би эхэлж санал тавьсан л даа.
Харьж ирээд шүглээ гэр дүүрэн үлээж, хийсэн наймаандаа тун чиг сэтгэл хангалуун байлаа. Гэвч хэрэг бишидсэн юм. Миний гэнэхэн наймааг мэдсэн ах, эгч нар, үеэлүүд маань шоолон хөхрөлдөж, зохих үнээс нь илүүг төлсөн байна. Чи шүглээс өөр олон гоё юм авч болох байсан гэцгээв. Тэдний тохуурхал намайг гомдоож би шаралхсандаа уйлсан юм.
Гэвч энэ явдал надад насандаа мартамгүй том сургамж болсон билээ. Өөрт онцын хэрэггүй зүйл авмаар санагдсан үедээ “ Шүгэлд ийм их үнэ төлөх хэрэггүй” хэмээн өөртөө хэлж, мөнгөө гамнадаг болсон юм даа.
Алдар нэрэнд шүлэнгэтэн, хайран сайхан цагаа дээдсийн хүлээн авалтад зориулж, зөвхөн үүнд оролцохын тулд амар амгалан амьдрал, эрх чөлөө, зан суртахуунаа, найз нөхдөө зольж байгаа нэгнийг хараад “энэ хүн өөрийн шүгэлдээ дэндүү ихийг зарж байна даа” хэмээн өөртөө хэлдэг юм.
Нэр төрд дуртай өөр нэгэн хувийн амьдралаа зөнд нь хаяж, улс төрийн ээдрээтэй хэрэгт биеэ зориулж байхыг хараад “энэ хүн шүглээ даанч өндөр үнээр авч байна даа” гэж бодох болсон.
Хариг харамч нэгэн хөрөнгө чинээгээ арвитгахын тулд аятай сайхан суухдаа татганан, бусдын сайн сайхны төлөө хуруугаа хөдөлгөхөөс татгалзаж, үерхэл нөхөрлөлөө хүртэл умартаж байгааг мэдэх юм бол “Ядмаг хүн чи шүгэлдээ дэндүү ихийг төлж байна даа” хэмээн өөртөө хэдэг.
Бие махбодын төдий жаргалд хэт автан, хайран сайхан оюун ухаан, зол заяа бүхнээ зөвхөн үүний төлөө зольж байгаа нэгэнтэй таарахаараа “Алдаж байна даа эрхэмээ, аз жаргалын оронд өвчин олж авч байх гэж. Шүгэлдээ дэндүү ихийг төлж байна даа” гэж харамсан боддог болсон.
Баян сайхан амьдралд хэт тачаадан гоёмсог хувцас, үзэмжтэй сайхан байшин, өндөр үнэтэй тавилга, элбэг дэлбэг хангамжийн төлөө азаа үзэн өр тавьж, эцэст нь торны цаана орж байгаа нэгнийг харахаараа “Бурхан минь, энэ хүн шүгэлийнхээ төлөө ихийг, дэндүү ихийг төлж байна даа” гэж хэлдэг юм.
Дүүрэн саран шиг сайхан охин адгийн шаартай суухыг хараад “Бүсгүй минь чи шүгэлдээ ийм ихийг төлөх хэрэггүй байсан юм даа” гэж халаглан өгүүлдэг юм, өөртөө.
Товчхондоо аливаа юмыг зөв үнэлж чадалгүй, шүгэлдээ дэндүү ихийг төлж байгаагаас хүний зовлон үүдэлтэй гэж би боддог.
Тэгэхлээр хонгор Ади минь, надад итгээд бүхнийг дахин нэг эргэцүүлэн бодоорой доо.